Маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас эхлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно. Улсын Онцгой комиссын тав дахь удаагийн хуралдаанаар зам хаах шийдвэрийг гаргасан бөгөөд хоёрдугаар 27-ны өдрийн 08:00 хүртэл энэхүү шийдвэр үйлчилнэ.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гаргасан энэхүү шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотын найман постыг 14 болгож, хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Онцгой комиссын хурлаар танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нэвтэрч болох бүх зам дээр пост ажиллах юм байна.
Энэхүү хязгаарлалт дуусах өдөр буюу 27-ноос эрүүл мэндийн ажилтнуудад тухайн постууд дээр ажиллаж, нэвтрэх бүх тээврийн хэрэгслийг зогсоож, тээврийн хэрэгслийн дугаар, тухайн машинд зорчиж буй бүх иргэний мэдээлэл, аялал эхэлсэн болон дуусах газрын мэдээлэл зэргийг бүртгэлжүүлэн авч, цахим санд оруулах юм байна.
Ингэснээр олон улсын хэмжээнд явуулж буй тандалтын түвшинд ажиллаж, халдвар бүртгэгдсэн тохиолдолд нэгдүгээр болон хоёрдугаар хавьтагчдын хялбар тогтоох боломж бүрдэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.
Хот орчмын суурьшлын бүс болох Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол, Налайх чиглэлд авто тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Эдгээр чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд тухайн газар оршин суудаг гэх иргэний үнэмлэх, нотлох баримттай байх бөгөөд харин Улаанбаатар хотод албан шаардлагаар зайлшгүй зорчих бол ажлын үнэмлэх, ажлын томилолт зэрэг шаардлагатай бичиг баримтыг шалгуулан бүртгэл хөтлүүлэх юм байна.