СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-01

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр дэргэдээ катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийн технологийн шинэ төслүүд 2023 оноос үр ашгаа өгч эхэлнэ

Манай сурвалжлах багийн Орхон аймгаас бэлтгэсэн цуврал мэдээллийг хүргэж байна. Энэ удаад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй тус үйлдвэрт хэрэгжиж буй шинэ төслүүдийн талаар ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэр энэ 2020 онд хэрэгжүүлэх гэж буй томоохон төслүүдээс онцлооч. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн насжилт дууссан гэсэн ойлголт яваад байдаг. Гэтэл та бүхэн хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж олон арван жил ашиглах тухай яриад байна л даа?

-2020 он онцлог жил болно. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд бид 6 том төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийг дурьдахад, эхнийх нь  нөөц баялагаа өсгөх төсөл.  Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох эх үндэс нь хүдрийн нөөц баялаг.

Сүүлийн 3 жилд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүнд бид үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр уртасгасан. Яг өнөөдөр бол Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй, 60 гаруй жилийн ирээдүйтэй гэж товч бөгөөд тодорхой хэлж болно

Энэ асуудлыг цаашид баталгаажуулах, илүү он удаан жил тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын төслөө эрчимтэй хэрэгжүүлнэ.

Дараагийн төслийг танилцуулахад, Эрдэнэтийн овооны ордыг ил аргаар ашиглаж байна. Тийм учраас бид цаашид Ил уурхайнхаа техник технологийг шинэчлэх ажлыг хийнэ. Энэ төсөл өртөг зардлыг бууруулахад чиглэнэ. Төлөвлөж буй төслөө хэрэгжүүлснээр Ил уурхайгаас олборлож буй хүдрийн өөрийн өртгийг 10 хүртэл хувиар хямдруулах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг.

Гуравдахь төсөл маань манай эцсийн бүтээгдэхүүнийг боловсруулан гаргаж буй  Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, зэсийн болон молибдены баяжмал үйлдвэрлэдэг Баяжуулах үйлдвэртээ өргөтгөл шинэчлэлийг иж бүрнээр хийнэ. Мэдээж, төслийн зорилго үйлдвэрлэлийн өртөг зардлыг багасган, бүтээгдэхүүний өөрийн өртгийг мөн 10 орчим хувиар бууруулна гэж тооцож байгаа.

Бид үндсэн чиглэлдээ Засвар механикийн заводыг өргөтгөх, техник технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажилладаг тус заводыг цаашид уул уурхайн салбарын эрэлт хэрэгцээг хангаж, шаардлагатай сэлбэг эд материалыг үйлдвэрлэдэг, улмаар Монгол улсын хэмжээнд машинт үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийн эхлэл болгоно гэж төсөөлж байгаа.

-Эрдэнэт үйлдвэр дэргэдээ катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулах гэж байгаа гэж сонссон. Үнэхээр тийм зэсийн нөөц байгаа хэрэг үү?

-Бид  одоо гаргаж буй баяжмалынхаа боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр 2 том төсөл хэрэгжүүлнэ. Эхнийх нь нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Одоогийн ашиглаж буй технологио илүү боловсронгуй болгож, байгаль орчинд ээлтэй байх зорилт дэвшүүлсэн. Бид .  

Нөгөө төсөл нь зэсийн баяжмалыг хайлуулах, боловсруулах үйлдвэр юм. Энэ асуудал манайд олон жил яригдсаар ирсэн. Тэгвэл бид энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Энд бид зэсийн баяжмалыг хайлуулж боловсруулах хамгийн шилдэг технологийг нэвтрүүлнэ. Сонголтоо хийсэн.

Үүнд анхаарал татдаг, энгийнээр хэлбэл “толгойны өвчин” болсон нэг асуудал бий. Энэ юу гэвэл, . Ер нь дэлхийн практикаас харахад, хүхрийн хүчил үйлдвэрлэдэг газрууд байдаг. Харин манайх хүхрийн хүчил үйлдвэрлэдэг боллоо гэхэд зах зээлд гаргах асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудалтай тулгарна.

-Дотоодын зах зээл бага, гадагшаа гаргая гэхээр газар нутаг хол учир хот суурин дамжин тээвэрлэхэд аюултай гэх зэрэг сөрөг талууд гардаг гэж сонссон?

-Гэхдээ бид өөр оновчтой шийдэл хайж,  элементийн хүхэр үйлдвэрлэх технологийг судалж байна. Энэ арга боломжтой гэдэг нь лабораторийн түвшинд батлагдсан. Одоо хагас үйлдвэрлэлийн, туршилтын, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд үе шаттай хийх ажил байгаа. Эдгээрийг бид хэрэгжүүлнэ.

Иймд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслөөс бусад ажлуудыг бид 2020-2022 оны хооронд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүхэрлэг хийн асуудлыг дахин тодруулж хэлэхэд, шийдлээ олчихвол 2020-2023 онд эхлүүлнэ.

Хайлуулах үйлдвэрээ барьчихвал Монголчуудын ярьдагчлан аранжин зэс, цалин цагаан мөнгөө ялгаад зогсохгүй өөр олон үнэт элемент ялгаж авах боломжтой. Манай үйлдвэрийн 2031 он хүртэлх хөгжлийн дүр зураг ийм. Бидний зорилт төлөвлөгөө тодорхой.

гэдгийг хэлье. Эцсийн дүнд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.