Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус зочилж, болзошгүй эрсдэлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.
Шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан Ковид-19 коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад 2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдэлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шалгалтын үеэр "Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцласан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсч байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй" гэжээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн нийт 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод , 45 нь 15 аймагт бүртгэгдснээс шинжилгээний хариугаар бүгд үгүйсгэгдэж, тус вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон билээ. Одоогоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн 1 хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байна. Болзошгүй эрсдэлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангасан байна.
ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулжээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.
Шинэ коронавирусийн голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусын халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.
Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораторид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитай яг ижил түвшинд хийж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаг үеийн мэдээлэл сонсоод эмч, сувилагч, эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.
Шинэ коронавирусын халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй юм. Үүнд зориулж ЭМЯ-аас Олон улсын бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоногт бүрэн хангалт хийхээр шийдвэрлэж чадсан гэж ЭМ-ийн сайд мэдэгдлээ.