БНСУ-аас ирэх ням гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ХК-ийн нислэгээр ирэх 100 монгол иргэнийг 14 хоног тусгаарлана хэмээн зарим хэвлэлээр цацагдах болсон.
Тэгвэл энэ мэдээллийн талаар МИАТ ТӨХК-аас тодруулахад “Илтэд худал буюу эх сурвалж нь тодорхой бус мэдээлэл цацагдсанд харамсаж байна. Нислэгээр ирэх зорчигчдыг 14 хоног тусгаарлахгүй. Уг нислэгээр ирэх зорчигчид хүртэл манай компани руу хандаж учрыг нь лавлан асууж байна” хэмээв.
Улсын Онцгой комиссын коронавирусийн асуудал хариуцсан хурандаа Б.Мандахгэрэлээс халдварын тархалт БНСУ-д нэмэгдэж байгаа ч тус улсаас ирэх зорчигчдыг тусгаарлах эсэх талаар лавлалаа.
“Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл худал мэдээлэл цацсанаас болж МИАТ ч гэлтгүй олон улсаас ирэх зорчигчдыг төөрөгдүүлж байна. Манай улсын хувьд Хятад улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа бөгөөд Хятадаас Сөүлээр дамжин ирсэн бол үзлэг шинжилгээ хийж байгаа тэрнээс биш БНСУ болон бусад улсаас ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй. Манай улсын хувьд агаарын тээврээр ирсэн бүх зорчигчдын халууныг үзэж, асуумж асууж шалган нэвтрүүлж байгаа. Иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна” хэмээв.
МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байна.