СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-31

“Төмөр хатагтай” Х.Азжаргал хөлбөмбөгчин хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хамт байцаажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал өнөөдөр Монгол хөлбөмбөгийн холбооны U15 охидын шигшээ багийн тамирчдыг, эцэг эхийнх нь хамт дуудаж, уулзжээ.

Уг уулзалтад очсон эцэг эхчүүд болон шигшээ багийн тамирчин охид “Холбооны зүгээс тэднээс албан ёсоор уучлалт гуйж, хөлбөмбөгийн холбоо бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэх болно” хэмээн хэлэх болов уу хэмээн найдаж очсон нь талаар болсон байна.  

Уулзалтад очсон эцэг, эхийн төлөөлөл манай телевиз руу утсаар холбогдож “Монголын хөлбөмбөгийн холбооны “Төмөр хатагтай” хэмээн өөрийгөө өргөмжилсөн Х.Азжаргал хүүхдүүдээс уучлалт гуйсан нэг ч үг, өгүүлбэр хэлсэнгүй.

Харин Х.Азжаргал уулзалтад дагуулж ирсэн настай хүнээр “LIVE телевизийн сэтгүүлчтэй уулзаж яриа мэдээлэл өгсөн хүмүүс энд байгаа бол одоо санал хүсэлтээ бидэнд хэл. Та нар сэтгүүлчдэд тэр мэдээллийг хэлэхээсээ өмнө бидэнд яагаад хэлээгүй юм. Бид ийм хүчирхийллийн хэрэг гарсныг огт мэдээгүй, (Кавамото Наоко дасгалжуулагчийн захидлыг Х.Азжаргал 2019.08.26-ны өдөр хүлээн авсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан) сошиалаар бужигнаад эхлэнгүүт л мэдлээ. Холбооныхон 12 дугаар сард нэвтрүүлэг гарсны дараа л ноцтой асуудал болсныг мэдсэн. Ийм аймшигтай зүйл болсныг нэвтрүүлгээс мэдэх муухай байна. Нэг зүйлийг хэлэхэд япон дасгалжуулагчаас ийм захиа ирснийг Х.Азжаргал ерөнхийлөгч огт мэдээгүй. Тэр үед ерөнхийлөгч маань гадаадад томилолтоор ажиллаж байгаад 10 дугаар сарын сүүлээр л Монголд ирсэн" хэмээн хэлүүлж, биднийг байцаалаа гэв.

Монголын хөлбөмбөгийн холбоо 2015 онд 15 настай охидын шигшээ багийг анх байгуулж, үйл ажиллагааг эхлүүлснээс хойш л бага насны хүүхэд рүү чиглэсэн бэлгийн болон бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдэж эхэлсэн байдаг юм.

Гэвч холбооны зүгээс “Шигшээгийн юм шигшээдээ үлдэнэ. Холбооны юм холбоондоо үлдэнэ” хэмээн тамирчдыг дарамталж, бэлгийн болон бие махбодын хүчирхийллийн асуудлыг тас нууцалсаар ирсний уршгаар 15 настай хөлбөмбөгчин охидыг хүчирхийлэх гэсэн үйлдлийг U15 багийн менежер гурван ч удаа гаргасан төдийгүй, аймаг орон нутгуудад бэлгийн дарамтын асуудал гарч эхэлсэн байдаг юм.

Бид “Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл”, “Монголын хөлбөмбөгийн холбоон дахь жигшүүрт гэмт хэргүүд” нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргээд байгаа бөгөөд дараагийн дугаартаа “Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн адал балмад үйлдэл, Хөлбөмбөгийн холбооны орон нутаг дахь салбарын дасгалжуулагч нар 15 настай охидод бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлсэн асуудал”-ыг олон нийтэд хүргэх болно.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хийгээд 21 аймагт салбартай энэ байгууллагын салбарт бүрд олон жилийн турш бугшиж өмхийрсөн бэлгийн хүчирхийлэл, дарамттай холбоотой асуудлыг манай телевиз цувралаар хүргэсээр байх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.