Ковид-19 коронавирусийн голомт болоод буй БНХАУ-ын 70,000 оюутан БНСУ-ын их сургууль, коллежуудад суралцдаг байна. Их дээд сургуулиудын хагас жилийн амралт дуусч, хичээл эхлэх болсонтой холбогдуулан оюутны хотхонууд коронавирусийн халдвар голомт болох эрсдэлтэй гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, их сургуулийн удирдах албан тушаалтнууд сэрэмжлүүлж байна.
Өмнөд Солонгос улсад суралцдаг Хятадын 70,000 гаруй оюутан хаврын семестрийн хичээлдээ суралцахаар эргэж ирэх үед хотхонуудыг бүрэн тусгаарлах болон хяналт тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэгджээ. Мөн халдварын тархалт илэрсэн тохиолдолд их сургуулиудын хотхонуудад халдварт өвчний үед ашиглах эмнэлгийн тоног төхөөрөмж байдаггүй учир санаагаа чилээж байгаа ажээ.
Тиймээс коронавирусийн халдвар тээгч байж болзошгүй тохиолдлуудыг их сургуулиуд руу явуулахгүй байх нь хамгийн үр дүнтэй арга гэж үзжээ. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн нэгдлийн Ерөнхийлөгч Чой Дэ Зип “Хятадад тус халдвараар өвчилсөн болон нас барсан тохиолдол нэмэгдсээр байгаа тул Засгийн газрын түвшинд их сургуулийн оюутнууд зэрэг эрсдэлтэй хүмүүсийг бүс нутгийг орхин гарахыг зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл Хятадаас ирэх оюутнуудыг Өмнөд Солонгосын хил рүү нэвтрүүлэхгүй байхыг уриалж байгаа юм. БНСУ-д халдварын тархалт хэдийнээ гурав дахин нэмэгдсэн. Тиймээс Хятадаас ирэх оюутнууд тархалтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн үзэж байна.
“Хятад бол Өмнөд Солонгосын худалдааны гол түнш. Хятадын оюутнууд Өмнөд Солонгост сурч боловсрох эрхтэй байх нь маш чухал. Оюутнуудад хилийн хориг тавьснаар хоёр улсын эдийн засаг, боловсролын салбарын холбоо харилцаанд сэв суулгаж болох ч эмч нарын хувьд нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлаас илүү чухал зүйл үгүй” гэж Чой Дэ Зип үргэлжлүүлэн хэлжээ.
Эх сурвалж: Korea Times