Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А216 дугаар захирамжаар Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоож байгаа талаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
НӨАУГ-ын дарга Ш.Үнэнбат:
Урт цагаан үйлчилгээний төв 1958 онд ашиглалтад орж байсан чулуун бетон суурьтай, тоосгон ханатай, модон дээвэртэй, насжилт өндөр болсон, ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт удаа дараа гарсан барилга байгаа. Энэ барилгын нөхцөл байдалтай НМХГ, НОБГ, Нийслэлийн цагдаа болон тагнуулын байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг танилцаад дүгнэлтээ гаргасныг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоох тухай НЗД-ын захирамж гарсан. Уг захирамжид “Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоосугай. Үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НОБГ, НӨОУГ-т үүрэг болгосугай” гэсэн байгаа. Урт цагаан үйлчилгээний төвийг түрээслэх гэрээг 30 иргэн аж ахуй нэгж байгуулан өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа. Гэтэл тэдгээр хүмүүсийн өөрсдийн талбайгаа цааш нь 300-400 иргэнд дамлан түрээслэж бидэнтэй байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн.
Гэрээгээр ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд уг байрыг засварлах үүргээ биелүүлэхгүйгээр асар их хэмжээний ашиг орлого олсоор ирсэн. Энэ асуудлыг зогсооё л гэж байгаа. Урт цагааныг нураахгүй. Нураах тухай асуудал огт яригдаагүй. Эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахаа больсон энэ барилгын үйл ажиллагааг зогсоож байна.
Дамлан түрээслэж байгаа 400 түрээслэгчийг хүлээн авч уулзана. Тэднийг хохироохгүй байх талаар арга шийдэл хайна. Харин албан ёсны гэрээг нийслэлтэй байгуулсан 30 иргэнтэй байгуулсан гэрээг дахин сунгахгүй. Урт цагаанд хууль бусаар алт хайлуулдаг зэрэг ноцтой хэргүүд үйлдэгддэг асуудал байсныг цагдаа тагнуул илрүүлэн шалгаж байгаа.
НОБГ-ын дэд хурандаа н.Батхуяг:
Урт цагааныг удирдамжийн дагуу жил бүр шалгаад заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлж байсан. Гэвч НОБГ-ын шаардлагыг үл биелүүлж, орж гарах гарцыг хаах, дотор хана таазыг цөмлөх зэрэг ноцтой үйлдэл гаргасаар байгаа тул үйл ажиллагааг зогсоож байгаа.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга:
Урт цагааны барилга байгууламж шугам сүлжээг НМХГ-аас гурван удаа шалгасан. 2011 онд шалгаад одоо байгаа чигээр нь ашиглаж болохгүй, яаралтай засвар үйлчилгээ хийх ёстой гэсэн дүгнэлт гаргасан. 2013 онд барилгын чанарыг нарийвчлан шалгаад ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг гаргасан байгаа. Улмаар 2014 онд Урт цагааны барилгад хүчитгэл бэхэлгээ хийх эсхүл нурааж шинэчлэн барих шаардлагатай гэдэг гарсан. Цахилгаан хангамж хамгийн эрсдэл дараагийн “Бөмбөгөр” болох гэж болгоомжилж байгаа. Шугам сүлжээ асар их муудсан, засвар үйлчилгээ хийх нэн шаардлагатай байгаа. Хэрвээ нэн даруй үйл ажиллагааг зогсоохгүй бол болзошгүй эрсдэл гарахад хүний амь нас эрсдэх учраас энэ барилгын үйл ажиллагааг зогсоох дүгнэлтээ удаа дараа холбогдох байгууллагуудад хүргэсэн.