Манай улсын 50,000 орчим иргэн ажиллаж амьдардаг БНСУ-д Ковид-19 шинэ төрлийн коронавирусээр халдварлагсдын тоо ойрын өдрүүдэд огцом өсч олон улсын анхаарлыг татаад байна. Өнөөдөр өглөө авсан мэдээллээр өнгөрсөн шөнө вирусийн халдвар тээгч иргэдийн тоо 52-р нэмэгдэж, тус улсад нийт 156 хүн Ковид-19 вирусийн халдвар авчээ.
БНСУ-ын Засгийн газар өчигдөр вирусийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн гэдгийг мэдээлсэн билээ. 20 гаруй жил хүнд өвчтэй хэвтэрт байсан төдийгүй анх халдвар авсан нь илэрсэн 15 хүний дунд байсан 63 настай эрэгтэй лхагва гарагт амьсгал хураажээ.
Өмнөд Солонгос улсад Ковид-19 коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо ердөө гурав хоногийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн байна. Тус улсын эрүүл мэндийн яамнаас зүүн өмнөд бүсийн Тэгу хот дахь Христийн шашны сүм халдварын голомт болж, нэг дор олон арван хүн халдварласан гэдгийг мэдэгджээ.
Өнгөрсөн шөнө шинээр халдвар авсан нь тогтоогдсон 52 тохиолдлын 41 нь Сөүл хотоос 300 км-т байдаг Тэгу хотод, үүнээс 39 нь Шинчэонжи Есүсийн сүмийн мөргөлчид байна. Мөн нийслэл Сөүл хотод гурав, Өмнөд Кёнсан мужид хоёр тохиолдол шинээр илэрчээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын Кёнги, Чэжү, Чунчүн, Хойд Жолла зэрэг нийт зургаан мужид коронавирусийн халдвар илрээд байгаа нь эрх баригчдын санааг ихээхэн зовоож байна. Дээр дурдсан Кёнги, Чэжү, Чунчүн, Хойд Жоллад тус бүр нэг тохиолдол илэрчээ.
Тэгу хотын Шинчэонжи Христийн шашны сүмийн 31 мөргөлч халдвар авсныг өчигдөр мэдээлж байсан бол өнөөдөр шинээр илэрсэн тохиолдлуудын хамт сүмээр орж гарсан нийт 70 орчим хүн Ковид-19 коронавирусийн халдвар авсан байна. Тус сүмд тогтмол очдог 61 настай эмэгтэй энэ долоо хоногийн эхэнд шинэ коронавирусийн халдвар авсан нь илрэхээс өмнө сүмийн мөргөлд удаа дараа очсоноор халдвар тараасан гэж үзэж байна. Уг эмэгтэй 166 хүнтэй ойроос харьцсан учир тэдгээр хүмүүсийг өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөжээ.
Мөн тус сүмээр орсон гарсан болон мөргөлд оролцсон 1,000 гаруй хүнийг вирусийн халдвараас сэргийлж өөрсдийгөө олон нийтээс тусгаарлахыг Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах төвийн дарга Юнг Ын Кён анхааруулжээ. Түүнчлэн Тэгу, Чондо хотуудад онц дэглэм тогтоосон байна.
2,5 сая оршин суугчтай Тэгу хотод үйл ажиллагаа явуулдаг Шинчэонжи сүмийг түр хаасан байна. Уг сүм нь дэлхий даяар 120,000 гишүүнтэй бөгөөд Тэгу хотод л гэхэд сүмийн мөргөлд байнга очдог 2,000 хүн байдаг ажээ.
Өнөөдөр өглөөний байдлаар Ковид-19 вирусээр дэлхий даяар 77,000 хүн халдварлаж, 2,300 орчим хүн нас барж, 18,000 гаруй өвчтөн эдгэрчээ. Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Тайвань, Франц, Иран, Филиппинд тус халдварын улмаас иргэд нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС, Korea Times