Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг тэтгэвэрийн зээлийн талаар болон НДС-тай холбоотойгоор өөрийг нь яллагдагчаар татаагүй талаар яг одоо мэдээлэл өгч байна.
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан. Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 2020 оны 1, 2-р сарын тэтгэврийг бүрэн олгосон бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай “Эрдэнэс” бонд гаргаж, арилжааны банкуудад арилжихад бэлэн болгосон байна.
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг "Капитал" банкнаас яагаад татаагүй талаар ХНХ-ын сайд С.Чинзориг "Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын 104 тэрбум төгрөг "Капитал" банканд байгаа. Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 130 тэрбум хүртэл байгаа" гэсэн мэдээллийг өгч байсан билээ.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Фэйсбүүкээр Бямбаатар гэх хүн прокуророос сайд С.Чинзоригийг яллагчаар татахаар болжээ хэмээн өчигдөр мэдээлэл цацсан. Энэ бол худал мэдээлэл. Миний нэр төр, албан тушаалд халдаж байгаа тул миний бие үнэхээр ашиг сонирхлын зөрчил гаргасан уу, давуу эрх олгосон эсэхээ шалгуулахаар АТГ-т хандахаар болж байна. Уг шалгалтын явцад НДС-тай холбоотой хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх хэмээн үзэж байна.
Тэтгэвэрийн зээлийг 6 сарын хугацаатай олгохоор болсон. Ингээд өчигдрөөс хойш нийт тэтгэвэр авагчийн 95 хувь нь тэтгэвэр авдаг Төрийн банк, Хаан банкаар олгохоор болсон. Сарын 1.4 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн.