Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс онцгой байдлын хэсэгчилсэн байдалд шилжсэн энэ үед Гэмтэл согог судлалын үндэсний төв бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, эмнэлэгт хандаж байгаа иргэдийг хөтөч нар урьдчилсан байдлаар халууныг хэмжин, гарыг нь ариутган үүний дараа эмнэлгийн үйлчилгээ авах зохицуулалтыг хийж ажиллаж байна.
ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг “Манай эмнэлгийн хувьд 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг тул өдөрт дунджаар 250-300 өвчтөн хандахаас гадна тэдний ар гэрийнхэн гээд 1000 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Иймээс ч манай эмнэлэг ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн заавар зөвлөмжийн дагуу коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхээс гадна сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлзүйн гурван багийг бэлдэж бэлэн байдалд ажиллаж байна.
Коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул шууд тусгаарлах өрөөндөө оруулж, ДЭМБ-аас өгсөн асуумжийг асуун ХӨСҮТ-руу яаралтай мэдэгдэн хүргүүлсэн байгаа. Тухайн иргэний шинжилгээний сөрөг гарсан байгаа” хэмээв.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тус эмнэлгийн хувьд бэлэн байдлын зэргийг бүрэн хангаж, заавар, зөвлөгөө, зөвлөмжийг хаалга, хана, зарлалын самбар бүрдээ байршуулж, иргэдэд гарын авлага хүртэл бэлдэн тарааж байлаа.
ГССҮТ-д бэртэж гэмтсэний улмаас өвчиндөө халуурах зовуурлах шинж тэмдэгтэй хүмүүс ханддаг тул 38 хэмээс дээш халуунтай, ханиалгах, найтаах шинж тэмдэгтэй иргэнийг эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тараахгүйн тулд шууд гаднаас тусгаарлах өрөөнд оруулж, эмнэлгийг бүх тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангасан тусгаарлах өрөөтэй танилцлаа.
ГССҮТ-ийн Яаралтай тусламж хариуцсан ахлах сувилагч У.Уранчимэг “Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгээр дамжихгүйгээр шууд тусгаарлах өрөөнд оруулах байгаа. Тус тусгаарлах өрөөнд өвчтөнийг тусгаарласан бол гаднаас эм, тариа, багаж хэрэгсэл зөөвөрлөхгүй бүх анхан шатны ариутгасан багаж хэрэгсэл, эм хэрэгсэл, хувцас зэргийг бэлдсэн” хэмээв.
Тухайн тусгаарлах өрөөний онцлог нь дотроо өвчтөн амрах ор, ариун цэврийн өрөөтэй бөгөөд ариутгах хэрэгсэл зэргийг бэлджээ. Бэртэж гэмтсэн иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн тусгаарлах өрөөнд зөөврийн рентген аппаратаар зураг авахаас багахан хэмжээний мэс ажилбар хийх багаж хэрэгслийг хүртэл бэлдсэн байв.
Эмч, сувилагч нар өдөр бүр тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэл өмсөн хэрхэн ажиллах заавар зөвлөгөөний дагуу ажиллах дадлага сургуулилалт хийдэг ажээ.
Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа сайн байгааг ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгч сайшааж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын эмнэлгийн бэлэн байдал, халдварын хяналт, сэргийлэлт, тандалтыг идэвхтэй, шуурхай хэрэгжүүлж чаддаг болсныг дурдаж байсны илрэл нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдлаас харж болохоор байна.