Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш өмнө нь онгоцоор нисэхээр билет авчихсан байсан иргэдийн төлбөрийг хэрхэн буцааж байгаа вэ?
-УОК-ийн шийдвэрт хоёр зүйлийг тусгасан. Нэгдүгээрт, Онцгой нөхцөл байдал үүссэн үед билетээ цуцалсан тохиолдолд үнийг шимтгэлгүй буцаана. Хоёрдугаарт, билетээ буцаахгүй гэвэл дараа дахин нисэх боломжийг нээж өг гэсэн. Онцгой байдал буюу өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш шүү.
Сая УОК хуралдаж байх үед МИАТ ХК, УБТЗ ХНН-ийн зүгээс ямар ч суутгалгүйгээр иргэдийн билетийг буцаасан гэсэн мэдээлэл өгсөн. "Хүннү эйр" компани билетээ суутгалтайгаар буцаасан гэсэн гомдол гарсан. Үүнийг би одоо яаман дээрээ очоод ярилцана.
-Дарханы замын засварын ажил ирэх зургаадугаар сард дуусах хуваарь биелэгдэх үү?
-Гэрээний хугацаагаар бол 2020 оны зургаадугаар сард дуусах ёстой. Бид нэгдүгээр сарын эхээр гүйцэтгэгч компаниудтай уулзаж гэрээ дүгнэж, төлөвлөгөө гаргасан. Туслан гүйцэтгэгч компаниуд, хяналтын компаниуд, төслийн нэгжүүдтэйгээ нийлж байгаад төлөвлөгөө гаргасан. Зургаадугаар сарын 15-20-ны хооронд дуусгана гэж гурван нэгж хэлсэн. 2 болон 4-р нэгжийнхэн саналаа хэлээгүй. Саяхан уулзалт товлосон байсан ч коронавирусийн асуудлаас болж хойшилж байх шиг байна. Бид ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан.
-Гэрээ цуцалбал зам ашиглалтад орох хугацаа бүр хойшлох уу?
-АХБ, Сангийн яам дээр манайтай холбоотой хийсэн хэлэлцээрийн хүрээнд нэг л зүйлийг ярьсан. 2 болон 4-р замын нэгж цуцлагдвал 1,3,5 дээр ажиллаж байгаа компаниудад эрхийг нь шилжүүлж болно гэж тохирсон.
Өвчний нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэхийг мэдэхгүй байгаагаас нөхцөл байдал өөрчлөгдвөл бид УОК-т санал тавина. Хятадын талтай хамаарах асуудал их байгаа.
-Хохирсон иргэдийн зүгээс шүүхэд хандана гэж байсан?
-АХБ санхүүжилтээ зогсоохгүй гэсэн. Дарханы замаас ЗТХЯ-ыхан авлига аваад мөнгийг нь идсэн гэж яриад байгаа. АХБ хяналтыг үндэслэн шууд гүйцэтгэгч компани руу шилжүүлдэг. Эхний ээлжийн санхүүжилт л гарсан. Зарим нь ажлаа 2019 оны долдугаар сард л эхэлсэн.
Жолооч нар хохирлоо барагдуулна гэж байна. Тэр хохирлыг юугаар тооцох юм бэ. Дугуй нь хагарсан жолооч нарын дугуй нь хагарсан уу үгүй юу гэдгийг юугаар тооцох гээд байгаа юм бэ. Би нэг л зүйл хэлмээр байна. Өвчин зовлон, бүтээн байгуулалтаар улс төр хийж байгаа нөхдийн үйл ажиллагааг хэвлэлийнхэн та нар битгий сэвээрэй. Үндэслэлгүй мэдээлэл өгсөн нөхрийг би цагдаад өгчихсөн байгаа. ЖДҮ авчихсан бол би сайд болохгүй байсан. ЖДҮ-ийн зээл 800 саяас 1 тэрбум шүү дээ. Өөрөөр хэлбэл онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа учраас би шүүхэд хандсан.