Нийслэлийн прокурорын газраас “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ.
Тус шүүх Х.Бат-Ялалтыг цагдан хорих, таслан сэргийлэх шаардлагагүй гэж үзэж, прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулбал, Х.Бат-Ялалт нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь дарамталж, сэтгэл санааны хүнд нөхцөлд оруулж амь насаа алдахад хүргэсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Тэрбээр хоёр өдрийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж “Би үхэхэд бэлэн байна. Монгол Улсаа хараад өрөвдөж байна. Би 15 жил зүтгэлээ. Бид яагаад эх орондоо ингэж амьдрах ёстой юм. Би алалцана шүү” гэж хэлээд уйлсан билээ.