Шинэ төрлийн коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийлэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газар:
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эргүүлүүд өнөөдрөөс гарч ажиллаж эхэллээ. Нийслэлийн төр захиргааны 71 байгууллагын 7000 орчим албан хаагч явганаар эргүүлд гарна. Эргүүлүүд иргэдэд нус цэр, шүлсээ хаяхгүй байж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриална. Түүнээс биш торгох арга хэмжээг авахгүй. Иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавина. Олон нийтийн газар, худалдааны төвүүдэд чанга яригчаар анхааруулга сэрэмжлүүлэг хүргэнэ. Ил задгай бие зассан, нус шүлс, цэр хаясан иргэдэд хяналт тавьж ажиллана. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бүх байгууллага ойр орчмын 50 метрийн газрын цасыг цэвэрлэж, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгосон тул дээрх арга хэмжээг авч ажиллахыг хүсэж байна.
Агаарын чанарын алба:
Угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй. Өнгөрсөн гурав хоногт 5 өрхийн 17 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан хэдий ч агаарын бохирдлын түвшин хүлцэх хэмжээнээс давсан хэвээр байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газар:
Томуу томуу төст өвчиний сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. Амбулториор 7500 орчим хүн үзүүлсний тэн хагас нь уушгины өвчлөл эзэлж байна. Орны ашиглалт 63 хувьтай байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 73 хувь нь амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Коронавирусийн халдвар дэлхийн 26 орон бүртгэгдсэн. Бүрэн эдгэсэн 14215 хүн байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй 142 хүн байна. ХӨСҮТ дээр гурван хүн яг одоо тусгаарлагдсан, ажиглалтад 124 хүн байна. Нийслэл рүү орж ирдэг 8 боомтод 24 цагийн эргүүл хамгаалалт ажиллаж байна. Нийслэл рүү орж ирж байгаа хүмүүсээс сэжигтэй тохиолдол илрээгүй.
Нийслэлийн засаг даргын тамгын газар:
Гудамж талбайд нус цэр, хог хаягдлаа хаяхгүй байхыг, гудамжинд гарч ажиллаж буй эргүүлийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг иргэддээ уриалж байна. Амны хаалт дэлхий дахинд хомс байгаа. Тиймээс хотын даргын зөвлөмжийн дагуу амны хаалтыг гар аргаар гэр гэртээ хийж өрхийн хэрэгцээгээ хангахыг уриалж байна. Мөн оёдол урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд амны хаалт оёох чиглэлд хамтарч ажиллахыг урьж байна. Өчигдөр хотын даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот руу орж ирж байгаа машин нэг бүрийг зогсоож, зорчигч бүрийн халууныг хэмжин хот руу оруулж эхэлсэн тул та бүхэн уурлаж бухимдалгүйгээр холбогдох хүмүүсийн шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна.
Нийслэлийн онцгой байдлын газар:
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, штаб 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлүүд байнгын хяналт тавьж байна. Түлшний нөөц тасарсан, нөөцгүй болсон зүйл одоогоор алга. Нүүрс борлуулах цэг дээр түлш тасарсан тохиолдолд тасалдлыг хангах ажлыг Тавантолгой-түлш ХК-аас шуурхай авч ажиллаж байгаа. Нэг айлд сайжруулсан түлшийг олноор зарахгүй байгаа нь цөөн өрх их хэмжээний түлшийг нөөцөлж, олон өрх түлшний хомсдолд орохгүй байх нөхцөлийг бий болгохгүй байх үүднээс ийм ажлыг хийж эхэлсэн. Энэ өвлийг энэ мэтчилэнгээр давлаа ирэх намраас эхлэн шахмал түлшний хомсдол үүсэхгүй гэдэгт итгэлтэй байж болно.