СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-20

Э.Баатарцогт: 2021 оноос өмнө бүртгүүлсэн иргэдийн дансанд ногдол ашиг орно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Эрдэнэс-Тавантолгой” компани иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг энэ онд багтааж олгохоо мэдэгдсэн. Энэ талаар тус компанийн “1072 мэдээллийн алба”-ны менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-1072 хувьцааны ногдол ашгийг олгох тухай мэдэгдсэнээс хойш нийгэмд хэзээ олгох вэ гэх хүлээлт үүсчихлээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

Компанийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сардаа багтаан Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ногдол ашгийг хэзээнээс өгөх талаарх шийдвэр гаргах ёстой. Үүний дагуу шийдвэрээ гаргаж, олон нийтэд танилцуулсан. Ирэх дөрөвдүгээр сарын 17-нд хувьцаа эзэмшигчдийн хурал хийх үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна. Хурлын дараа буюу тавдугаар сарын 1-нээс хойш ногдол ашгийг арилжааны банкууд болон брокер дилерийн компаниудаар дамжуулан олгохоор төлөвлөж байна.

Онцгой тохиолдол гарч, хөл хорио тогтоосон үед олон нийтийг шууруулсан мэдээлэл гаргалаа гэх шүүмжлэл гарсан. Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Хувьцааны дансаа нээлгэж амжаагүй иргэдийн дунд бүртгүүлж амжихгүй хоцорчих вий, хасагдчих вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Ногдол ашгийг энэ ондоо багтааж олгох учраас бүртгүүлсэн бүх иргэдийн дансанд ногдол ашиг орно. Хуулийн дагуу брокерын компаниудаар дамжуулан ногдол ашгийг олгох ёстой. .

-Ногдол ашиг олгохдоо нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр тооцож, 1072 хувьцаатай иргэнд 96 мянган төгрөгийн ашиг олгоно гэсэн. Энэ тооцоог яаж гаргасан юм бэ?

-Нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 2012 онд 933 төгрөг гэж тогтсон. Тэгэхээр нэгж хувьцаанд олгох ногдол ашгийн үнэлгээ 90 төгрөг гэсэн үг. Үүнийг манайхан ялгаж ойлгохгүй байна. Тухайн компанийн татварын дараах ашгаас хувьцаа эзэмшигчид олгож буй ашиг, мөнгөн дүнг ногдол ашиг гэдэг. Тэгэхээр манай компани өнгөрсөн онд олсон татварын дараах ашгаа тооцож, хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг гаргасан.

-Сонгуулийн жил ногдол ашиг олгох шийдвэр гаргасан нь улс төрийн зорилготой байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна?

-Дээр хэлснээр хуулийн дагуу үйл ажиллагаа явж байгаа. Үүнээс өмнө “Эрдэнэс-Тавантолгой” компани 2016 он хүртэл өр төлбөр барагдуулж ирсэн. Тодруулбал, 2011 онд Хүний хөгжлийн сангаар дамжуулан иргэн бүрт 21 мянган төгрөг буюу нийт 450 гаруй тэрбум төгрөг, 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр 1.3 сая иргэнд 300 мянган төгрөг гээд нийт 360 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байдаг. Үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд төлж, нийт 681 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.2 их наяд төгрөгийн өрийг 2016-2017 онд төлсөн. Ингээд 2018, 2019 онд олсон ашгаа бүтээн байгуулалтын ажилд зарцуулж, энэ жилээс иргэдэд ногдол ашгаа өгч байна.

-Одоогийн байдлаар хувьцааныхаа дансыг нээлгээгүй хэчнээн хүн байна вэ?

-. Цахимаар данс нээж буй есөн брокерын компани бий. Энэ талаарх мэдээллийг бид 18001072 утас болон, өөрийн цахим хаягаар байнга өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэд гэрээсээ гарахгүйгээр ногдол ашгийн талаарх бүх мэдээллээ биднээс авах боломжтой гэсэн үг.

-Данс нээлгэхдээ иргэд ямар материал бүрдүүлэх вэ?

-Бүртгүүлэх иргэд бичиг баримтын хамт 5000 төгрөгтэй очиж, 52 брокерын компаниас сонголтоо хийнэ. Эдгээр компаниас зах зээлд ашигтай, техник технолгийг нэвтрүүлсэн, үйлчилгээ сайн, хөрөнгийн зах зээлд илүү нэр хүндтэй зэргийг нь харгалзан үзэж сонголтоо хийх хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг цахим хаягаараа дамжуулан өгч байгаа.

-Дансаа нээлгэсэн иргэдэд дансны зөрчилтэй, буруу бүртгүүлсэн хүн бий юу. Ийм зөрчил гарвал хаана хандах вэ?

-Хувьцааны дансаа иргэдийн олонх нь буюу 1.8 сая гаруй нь нээлгэсэн. Ингэж дансаа нээлгэсэн иргэд тухайн брокерын компаниараа дамжуулан ногдол ашгаа авна. Брокер дилерийн компанид хамгийн сүүлд ашигласан данс нь бүртгэлтэй байгаа. Дансны зөрчилтэй гэсэн хүн хараахан гараагүй байна. Иргэд бүртгэлээ шалгахдаа манай вэб сайт, апплейкшн ашиглан шалгаж болно. Мөн ett.mn цахим хаягаар нэвтэрч, регистр, утасны дугаараа оруулан ногдол ашгийн хэмжээ болон хувьцааныхаа тоог шалгах боломжтой.

-Хөдөө орон нутгаас бүртгүүлж чадаагүй иргэд бий юү?

-Монгол Улсын 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүрэгт бид ажилласан. Орон нутагт амьдарч буй иргэдийн ихэнх нь дансаа нээлгэсэн байна. Хувьцааны дансгүй орон нутгийн иргэд цахим хаяг ашиглах боломжгүй бол аймгийн төв дэх брокерын компаниар дамжуулан дансаа нээлгэнэ. Аймаг бүрт нэг брокерын компани хуваарилсан байгаа.

-Хувьцааны данс нээлгэх ямар ач холбогдолтой вэ?

-Энэ дансыг иргэд 1072 хувьцааны данс гэж ойлгоод байдаг. Гэтэл зөвхөн 1072 хувьцааны данс биш, хөрөнгийн зах зээлд арилжаа явуулж байгаа 220 гаруй компанийн хувьцааг худалдан авах, арилжаанд орох насан туршдаа хэрэглэж болох данс.Өөрөөр хэлбэл, зөвхөн банкаар бус брокер диллерын компаниар дамжуулан санхүүгийн зуучлалын үйлчилгээ авч болно гэсэн үг.

Б.Бадралмаа

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.