Коронавирусийн дэгдэлт дэлхий нийтийг цочроож байгаа энэ үед манай улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байгаа билээ. Энэ хүрээнд ЕБС, цэцэрлэг, их дээд сургуулиудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсоосон
Боловсролын салбарт анх удаа манай улс ийм урт хугацааны хөл хорио тогтоогоод байгаа учраас зарим ойлгомжгүй байдал үүсээд байгаа. Иймд энэ асуудлаар бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс дараах тодруулгыг авлаа.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг
"Дөрвөн 7 хоногоор хичээлийг сунгах шийдвэрийг өнөөдөр /2020-02-19/ гаргасан. Хичээл тарах хугацаа, элсэлтийн ерөнхий шалгалт, конкурсыг хойшлуулахгүй. Энэ дөрвөн 7 хоногийн хугацааг яаж нөхөх вэ?
3-р улирлын амралт байсан нэг 7 хоногийг амраахгүй. Сурагчид 4,5 дугаар саруудад бүтэн амралтгүй явна гэсэн үг. Мөн тухайн саруудын бүх бямба гарагуудад хичээл орно. Анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлэхээр дээрх хугацаа нөхөгдөх боломжтой.
Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд теле хичээлээ үргэлжлүүлнэ. Цагаан сарын өдрүүдэд иргэний ёс зүйн боловсрол, Монгол ёс хүмүүжлийн хичээлийг өдөр бүр заана.
Ингээд ЕБС-ийн 1-5-р анги болон цэцэрлэгийн сурагчид зургаадугаар сарын 1-нээс, 6-12-р ангийн сурагчид 6-р сарын 8-ны өдрөөс амарна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.
Их дээд сургуулийн элсэлтийг 6-р сарын 15 гэхэд дуусгасан байхаар төлөвлөгөө гарлаа. Өөрөөр хэлбэл 6-р сарын 15 гэхэд бүх элсэлт, төгсөлтийн асуудал дууссан байна" гэлээ.
Мөн Үдийн цайны мөнгө, цэцэрлэгийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөнөөс тодорхой хэмжээний хэмнэлт гарч байгаа. Үүнийгээ зөвхөн салбар дотроо багш нарын илүү цалин гэх мэт зардалд зарцуулах шийдвэр гаргасан. Тухайн байгууллагад шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтэд зарцуулах ёстой. Өөр зүйлд зарцуулбал төсвийн тухай хуулийг зөрчинө гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхааруулж байна.
-Гэрээр хичээл заалгаж байгаа хүүхдүүдэд хоцрогдол ихээр гарч байна шүү дээ. Яаж нөхөж сурах вэ?
-Сургуулийн хичээл 3-р сарын 30-наас орж эхэлнэ. Хичээл эхэлсэн долоо хоногт өнгөрсөн хөл хорионы хугацаанд гэртээ сурсан хичээлээ бататгах чиглэлийн хичээл заана. Бага насны хүүхдүүдийн хувьд урт хугацааны хөл хорионы дараа бараг шинээр заалгах хэмжээнд хоцрогдсон байхыг үгүйсгэхгүй.
Бид улс орон даяараа анх удаа ийм байдалд орж байгаа гэдгийг анхаарах ёстой. Эцэг эхчүүд багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал шүү. Гэрийн даалгавар өгөгдөхөөс өөр аргагүй болж байна. Төвөшгөөж цаараглалгүй сурган хүмүүжүүлэгч нартай хамтран ажиллаач гэж хүсэж байна.