СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-02-19

“Parasite” уран сайхны киноны цуврал ангийг хийх эрхийг HBO авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Оскарын шагнал хүртсэн Parasite киног Америкчууд маш ихээр сонирхон үзэж байгаа тул нийт гарч буй кинотеатруудын тоо 1060-аас 2001 болон нэмэгджээ. Зөвхөн АНУ-ын кинотеатруудаас л гэхэд 60 орчим сая ам.долларын ашиг орлогыг цуглуулснаар дэлхийн хэмжээнд олсон орлого нь 200 сая ам.долларыг даваад байна.

13.5 тэрбум вон буюу 11.4 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино ийнхүү дэлхийн хэмжээнд 206 сая долларын орлогыг аль хэдийн цуглуулж чаджээ.

Найруулагч Бон Жун Хогийн бүтээл, эмгэнэлт инээдмийн триллер жанрт багтах тус кино дэлгэцийн бүрэн хэмжээний шилдэг кино шалгаруулах бүх л томоохон наадмуудын шагналыг түүж дуусгаад байна.

Тухайлбал Palme d’Or, Алтан Бөмбөрцөг, SAG Award зэрэг нэр хүндтэй наадмуудаас шилдэг шагнал хүртсэн Parasite нь тун саяхан болсон 92 дэх удаагийн кино академийн дээд шагнал гардуулах Оскарын наадмын хамгийн гол шагнал болох “Шилдэг кино”-гоор шалгарч, түүхэндээ анх удаа гадаад хэл дээрхи кино уг шагналын эзнээр шалгарсан билээ.

Оскарын шагнал хүртсэний дараа уг киноны талаар мэдээлэл Хойд Америкт ихээхэн тархаж, хүмүүсийн сонирхол ихэссэн тул эрэлтийг хангах үүднээс кинотеатрууд ч дэлгэцнээ гаргах тоо, цагийг нь нэмж эхэлжээ.

Дашрамд хэлэхэд уг киног 2010-2020 онд гарсан дэлхийн хамгийн шилдэг дэлгэцийн бүтээлүүдийн жагсаалтанд кино судлаач, мэргэжилтнүүд аль хэдийн оруулаад байгаа нь киноны зохиол, чанар, чансааг илтгэж буй хэрэг юм.

Киноны агуулга, өгүүлэх гэсэн санаа нь амьдралын хэв маяг, амьжиргааны төвшин эрс ялгаатай байдал, нийгмийн давхаргуудын ялгарал, хоорондын зөрчил, нийгмийн эрх тэгш бус байдал.

Кино сонирхогч, судлаачдын үнэлгээг нэгтгэн харуулдаг Rotten Tomatoes дээр “Parasite” уран сайхны кино 99 хувийн үнэлгээтэй, үнэлгээний дундаж нь боломжит 10 онооноос 9.4 байна. Нэг шинэ мэдээлэл нэмээд дуулгахад дэлхийн хэмжээнд өндөр үнэлгээ авч буй тус киногоор цуврал хийхээр найруулагч Бон болон алдарт HBO суваг аль хэдийн ярилцаад эхэлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.