Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 19-ны байдлаар коронавирусийн тархалтын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэв. Өнөөдрийн байдлаар Азийн 12 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас Япон, Сингапур, Тайван улсад халдварын тохиолдол нэмэгджээ. Иймд дээрх улсуудад нэн шаардлагагүй бол аялахгүй байх, зайлшгүй ажил төрлөөр явахаар бол өөрийн аюулгүй байдлыг сайтар анхаарах хэрэгтэйг санууллаа.
Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүнсний ууган үйлдвэрлэгч ААН-үүд нийт ААН-дэд хандан уриалга гаргалаа. Үйлдвэрлэгчид эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа коронавирусийн халдварыг оруулахгүйн төлөө цаг наргүй ажиллаж байгаад талархаж, халдварыг Монголд оруулахгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хүнсний салбарын үндэсний үйлдвэрлэлийн 1178 ажилтан халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж 39 сая төгрөг хандивлалаа.
Энэ хандивыг эрүүл мэндийн салбарын шаардлагатай хэсэгт зарцуулаарай хэмээн ЭМЯ-нд хүлээлгэн өгч, бусад ААН-үүдийг эрүүл мэндийн салбарынхандаа урам өгч, хандив өргөхийг уриалсныг танилцууллаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагийн байдлаар COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ.
Хятадаас гадна дэлхийн 25 улсын 900 тохиолдол бүртгэгдсэн.
Шинэ коронавирусийн халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа. Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна.
ХӨСҮТ-д гурван иргэн Говьсүмбэр аймагт хоёр, нийт таван иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан хүн байхгүй байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү дурдлаа.
Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч 179 сэжигтэй тохиолдлыг лабораторийн аргаар оношилсон
Монгол Улсад хэрэглэж байгаа оношлуурын талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа дараах тайлбарыг өгсөн юм.
“ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдварын өвчлөлийг оношлох сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилагдсанаас гадна мэргэжлийн боловсон хүчинтэй. Сүүлийн үед шинэ коронавирусийн дэгдэлтийн онцгой үед ХӨСҮТ нь Японы халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа, лабораториос 200 оношлуур хүлээн авч одоогоор сэжигтэй тохиолдлуудыг шинжлээд байна. Манай улсын хувьд Азидаа хамгийн түрүүнд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавирусийн оношлуурыг хамгийн түрүүнд хүлээн авсан.
Бид нарын хувьд энэ удаагийн оношлуурт 100 хувь найдвартай гэж хариулт өгч байна. Учир нь бид нарын ДЭМБ-ын таван лавлагаа, лабораторийн нэг болох Токиогийн халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораториос хүлээн авсан эхний 200 оношлуурыг хэрэглээд дуусаж байна. Дараачийн ээлжийн 1000 оношлуур ирсэн байгаа. Хэрхэн баталгаажуулдаг вэ гэхээр манай тоног төхөөрөмж, урвалж нь Токиогийн лабораторитой ижил байдаг. Шинжилгээний хийсний дараа 24 цагийн дараа шинжилгээнийхээ бүх протоколыг софт хэлбэрээр Токиогийн лаборатори руу илгээдэг. Илгээсний дараа манай шинжилгээг шалган танай лаборатори зөв протоколын дагуу хийгдсэн байна хэмээн хариу ирдэг. Иймээс коронавирусийн шинжилгээг найдвартай хийж байна” хэмээв.
БНХАУ, БНСУ өөрсдөө бие даан оношлуур гаргасан байгаа ч уг оношлуурыг ДЭМБ-аас баталгаажуулаагүй юм.