Засгийн газрын хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан шийдвэрүүдийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 26 оронд гараад байна. Нийт өвчлөлийн 99.2 хувь нь БНХАУ-д гарсан. Энэ нь БНХАУ-д сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэнтэй холбоотойгоор тархсан гэж үзэж байгаа юм байна. Тус баяраар 84 сая хүн дотоодын аялал хийснээр хяналтаас өвчний тархалтыг алдахад хүргэсэн. Өвчний тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буух магадлалтай хэмээн тооцоолсон. Манай улсад өнөөдрийн байдлаар тус өвчнөөр өвдсөн өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Судалгаа хийж үзэхэд тус өвчин орж ирэх, тархах эрсдэл маш өндөр гэж гарсан. Тус өвчин хоёр ч нууц үеийг дамждаг, 28 хүртэл хоногийн хугацаанд тусгаарлах шаардлагатай байдаг учраас Засгийн газраас улсын хэмжээнд тавьсан хориг арга хэмжээг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Цэцэрлэг, сургууль, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг дээрх хугацаанд зогсоох шийдвэр үргэлжилнэ.
Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг хаах хязгаарлах талаар огт яриагүй байгаа. Зарим аймгууд бие дааж, замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл авсан. Уг шийдвэрийг аймгуудын Засаг дарга нар бие даан гаргах эрхгүй. Салбарын сайдтай нь зөвшилцөн гаргах ёстой.