Өнгөрсөн лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог сунгана гэдгийг мэдэгдсэн.
Улсын онцгой байдлын комиссын нэгдүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон билээ.
Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Ингэснээр цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ч мөн хойшилж гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгагдаж байгаа юм гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.