Монгол эрчүүдийн очиж ажил үйлс, цог золбоогоо даатган залбирдаг овоо бол Богд хаан уулын Хийморийн овоо юм. Хийморийн овоонд ялангуяа Цагаан сарын шинийн 1-15-ны өдрүүдэд өглөө эрт эрчүүд гарч ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай.
Тэгвэл Хийморийн овоонд шинийн нэгний өглөө гарахыг хориглосон захирамж гарчээ. Тодруулбал, "Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэрийн дагуу хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Хийморийн овоо руу явахыг хориглосон захирамж гаргасан" тухай Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаанаас мэдээллээ. Учир нь нэг дор олон хүн цуглах нь халдварт өвчин тараах эрсдэлтэй гэж үзэж буй юм.
Шинийн нэгний өглөө энэ овоонд эрчүүд сайн сайхан зүйлс бодож өнгөрсөн жилийнхээ муу муухайг арилгаж ирэх жилийнхээ сайн сайхныг даллан дуудаж, идээний дээж, сүү цагаан идээгээ өргөж ургах нарыг хурайлан тосож авдаг заншилтай.