НМХГ, ЦЕГ, НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-аас Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 31 аж ахуй нэгжээр дамжуулан хийж байгааг дуулгав.
ЦЕГ-аас ил задгай хог хаясан, нус, цэр, шүлсээ хаясан, бие зассан 1821 зөрчилд арга хэмжээ авч торгосон. Гудамж талбайд бие зассан болон нус, цэрээ хаясан, хог хаягдлаа ил хаясан гэх зөрчлийн 85 хувийг хог хаягдлаа ил задгай хаясан тохиолдол эзэлж байна.
Ялангуяа тамхины ишээ гудамж талбайд хаях зөрчлүүд илэрч байгаа. Дээр нь гудамж талбайд ил бие зассан тохиолдол 169, нус цэрээ гудамж талбайд хаясан 85 тохиолдол бүртгэгдсэн. Уг зөрчлүүдийг цагдаагийн байгууллага хяналтын камераар хяналт тавин ажиллаж байгаа. Олон нийтийн газар нус, цэрээ хаяж байгаа иргэдийг ойролцоо байх аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерт хяналт тавьж ажилласан.
Цахим орчноор тархаж буй сайжруулсан түлшний барьцалдуулагчийг гурилаар орлуулсан гэх мэдээлэл худал учраас иргэдэд мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн салбарынхан ч асууж лавлаж, баримт нотолгоотой мэдээллийг оруулахыг албаны хүмүүсээс хэлж байна.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүд 50 метр хүртэлх орчныг цэвэрлэх ёстой. Аж ахуйн нэгжүүд энэ үүргээ биелүүлэхгүй, бохир заваан байгаа тохиолдлыг НМХГ-д хандах хэрэгтэй гэлээ.
Өнөөдрийн байдлаар /2020.02.18/ нийслэлээс орох гарах ажлыг хориглоогүй байна. Мөн өчигдрөөс /2020.02.17/ өдрөөс эхлэн нийслэл хот руу нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж оруулах ажлыг эрчимжүүлж цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруунтүрүү, Тахилт, Гүнт, Налайх, Өлзийт, Морингийн даваа гэх 7 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод 24 цагийн турш нийслэл рүү нэвтрэх иргэдийн халууныг хэмжиж ажиллаж байгаа.