Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар халдвартай хүний тоо 73322, нас барсан хүний тоо 1873 болжээ. Харин 12561 хүн бүрэн эдгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд коронавирусийн тохиолдол бүртгэгдээд байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар нөхцөл байдал хэр байгааг ЭМЯ-наас яг одоо хүргэж байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Халдвартай иргэдийн 86 хувь нь 30-79 насныхан эзэлж 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байна. Халдварын оргил үеийг хоёрдугаар сарын 1-нд таарч байгаа гэж үзэж байгаа хэдий ч цагаан сарын урт амралтын дараа дэгдэлт дахин гарах магадлалтай байгаа тул БНХАУ-д энэ тал дээр анхаарч ажиллаж байна.
Маш хүнд оноштой хүмүүсийн хувьд нас баралтын хувь 46 хувь буюу маш өндөр байна. Хабэй мужид коронавирусийн халдвар тархсанаас хойш 30 хоногийн дотор 31 мужийн 1381 нэгжид тархсан. 80 дээш насны хүмүүсийн нас баралт хамгийн өндөр байгаа бөгөөд нас баралтын 15 хувийг эзэлж байна. Нууц үеийн хугацаа 5 хоног хүртэл байгаа бол хавьтлын тусгаарлалтыг 14 хоног хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэйг зөвлөсөн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний эм гараагүй ч мэргэжилтнүүд төрөл бүрийн эм бэлдмэл ашиглаж байгаа.
Үргэлжлүүлэн COVID-19 халдварын эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал "Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.
Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан" хэмээн хэллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Эрээн хотод түүхий загас идсэн гэх иргэнд сэжигтэй тохиолдол илэрч Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Түүнчлэн энэ сарын 16-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурван иргэн Говьсүмбэр аймагт хоёр нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан шинжилгээ хийж байна. Говь-Сүмбэр аймагт тусгаарлагдсан иргэдийн хувьд сүүлийн 14 хоног БНСУ, Тайвань улсад аялсан бөгөөд шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад хандсан. Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүдэд 104 иргэнийг зочид буудалд тусгаарлан эмнэлгийн хяналтад байгаа. Одоогоор дээрх иргэдийн биеийн байдал сайн байгаа.
Түүнчлэн иргэдэд анхааруулж хэлэхэд хятадын Хэбэй муж 75 сая иргэнтэй бөгөөд хязгаарлалтын дэглэмд орсон. Иймд манай улсын иргэд сонор сэрэмжээ алдахгүй аль болох хөдөө орон нутаг руу зорчихгүй байхыг зөвлөж байна.