Увс аймгийн Наранбулаг сумын харъяат сумын заан Б.Батбаянтай ярилцлаа. Тэрээр сумын заануудын барилдааны хоёр түрүүлсэн, мөн Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдааны өнгөрсөн жил түрүүлсэн юм.
-Сумын заануудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа бөхчүүдийн нэг нь бол та. Хэдэн наснаасаа эхэлж барилдсан бэ?
-Би Наранбулаг сумандаа төрж өссөн, хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил малд явж, барилдаж ноцолдож бага нас минь өнгөрсөн. Аавыхаа талаас бөхийн удамтай авга ах Г.Ринзаан маань багш сумын заан цолтой хүн байдаг. Намайг барилдахад авга ах маань их нөлөөлсөн. Миний дунд сургуулийн багш. Намайг барилдахад энэ хүн их нөлөөлсөн.2008 онд сумыхаа хүүхдийн барилдаанд түрүүлж анхныхаа түрүүг авч байлаа. Сумандаа есдүгээр ангиа төгсөөд хот руу шилжин ирж Шонхор Олимп лицей сургуульд ирж суралцсан. 2010 оноос үндэсний бөхөөрөө хичээллэсэнээс хойш чамлахааргүй амжилттай барилдаж байна.Энэ бүхэнд зааж зөвлөж байдаг багш нарын минь ач тус их бий.
-Хичээл зүтгэл бүхэн амжилт авчирдаг.Хэдэн онд сумын заан болж байв?
Би амжилт гаргахын тулд алдаан дээрээсээ суралцахыг хичээдэг.Тамирчин хүнд амжилт амархан олддоггүй.Ганцхан бяр хүч тэнхээгээр бус сэтгэлзүйгээс их хамаарна.Үндэсний бөхөөр хичээлэхэд маш удаан хугацааны бэлтгэл сургуулилт хүч хөдөлмөр,тэсвэр тэвчээр шалгана.Мөн тухайн үед барилдааны мэдрэмж хамгийн чухал. Манай үеийн залуучууд бүгд ижил түвшинд сайн барилдаж байна. Учир нь бэлтгэл сургуулилт бүгд ижил хийдэгтэй холбоотой. Тийм болоод ч сумын заануудын барилдааныг үзэгчид иртэй, хурдтай, олон мэхний хувилбартай үзүүштэй барилдаан болдог гэж дүгнэдэг байх.
Миний амжилтууд гэвэл 2013 онд Улсын Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж түүний дараа жил нь Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзлэж байлаа. Тэр зунаа буюу 2014 оны зун сумандаа түрүүлж сумын заан цолыг авсан.Түүнээс хойш сумын наадмын дөрвөн түрүүлж хоёр үзүүрлэсэн. Энэ амжилтаараа сумын заануудын барилдаанд эрэмбэ дээгүүр ам авдаг. Сумын заануудын барилдаанд хоёр түрүү,нэг үзүүр,хоёр удаа их шөвөгт, гурван удаа дунд шөвөгт шалгарсан.Үүнээс гадна аваргуудын нэрэмжит барилдаанд зургаа дугаар байрт шалгарч байлаа. Жил бүр уламжилан болгон зохиогддог Д.Хатбаатар аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж,” Дархан цом 2019” шилдэг 12-т шалгарсан амжилт үзүүлэлээ. Энэ бүх амжилтаасаа мэдээж урам зоригийг их авдаг.
-Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай наадмаасаа хуваалцаач?
-Санаанаас минь гардаггүй хоёр наадам байдаг. Олон даваа авч түрүүлэх үеийн сэтгэл зүй, унах үеийн харуусал гэж байна л даа. Бөх хүн мэдээж унана гэж бодохгүй шүү дээ. Миний хувьд нэг нь 2015 онд сумынхаа наадамд түрүүлж мотоциклоор шагнуулсан маань сайхан дурсамж. Харин 2013 онд сумынхаа наадамд түрүүлнэ гэж зорилго тавьж очоод гурвын даваанд унаж байсан минь санаанаас гардаггүй. Энэ барилдаанаас сургамж авч үлдсэн.
– Таны үндсэн мэх тань юу билээ?
– Би ихэвчлэн таллах мэхийг хийдэг. Гэхдээ тухайн барилдаан дээр учраа бөхдөө тааруулж мэхээ хийдэг дээ.
-Бэлтгэл сургуулилтаа аль дэвжээн дээр хийж байна вэ?
-Увс нуур дэвжээн дээр үндэснийхээ бөхийн бэлтгэлийг хийж байна. Харин хүчнийхээ бэлтгэлийг Монгол Улсын заан Д.Одгэрэл багшийнхаа удирдлаган дор бэлтгэлээ хийдэг.
-Залуу хүний хувьд үндэсний бөхөө хэрхэн хөгжөөсэй гэж боддог вэ?
-Үнэн хүчийг үзэж үзэгч олноо баясгаж өндөр цолонд хүрэхийг залуу бөхчүүд хүсдэг.Аварга ,арслангууд мөн бусад улсын цолтой бөхчүүдээ ч маш их хүндэтгэж явдаг. Барилдана гэдэг юуны өмнө бусдыг хүндэлэх ёсыг сурах юм. Эрэгтэй хүн илүү тэвчээр хатуужил, хүмүүжилийг ч мөн үндэсний бөхөөр хичээлэсэнээр олж авдаг гэж боддог. Ахмадуудаасаа үлгэр дууриалалаа болгож явдаг.Тиймээс эртнээс нааш өвлөгдөж ирсэн соёл, үндэсний бөх ямар нэгэн маргаангүй, эв нэгдэлтэй байгаасай л гэж хүсдэг.
А.ДОРЖХАНД
2020.2.18 МЯГМАР № 34, 35 (6259, 6260)