СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-18

Бурхан халдун ууланд авирахаар явсан таван залуугийн нэг нь амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн. Энэ талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Цэндээс тодруулахад “Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Бурхан Халдун ууланд буюу аймгийн төвөөс 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т “Ланд-200” загварын автомашинтай таван хүн зорчиж явснаас иргэн Э (35 настай, эрэгтэй) нас барсан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газрын гурван алба хаагч, нэг автомашинтай 02:15 цагт Биндэр сумаас, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай 06:00 цагт тус тус эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор бидэнд өөр мэдээлэл ирээгүй байна” гэлээ. 

БУРХАН ХАЛДУН УУЛАНД ХҮРЧ АМЖИЛГҮЙ, ЗАМДАА НАС БАРСАН БОЛОЛТОЙ

Харин Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Чанцал “н.Батнасан гэж иргэн хоёрдугаар сарын 16ны 22:18 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт Бурхан Халдун ууланд авирахаар явж байсан нэг хүн маань төөрчихөөд олдохгүй байна. Бид тавуулаа явж байсан юм. Тусламж дуудаж өгөөч” гэж холбогдсон байсан. Дуудлага өгсөн хүмүүс Улаанбаатар хотоос энэ сарын 16-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Таван салааны гүүрийн постоор дайрч, Бурхан Халдун уулыг зорьсон нь тогтоогдсон.

Улмаар НОБГаас аймгийн Онцгой байдлын газарт яаралтай дуудлага, мэдээлэл өгч, Эрэн хайх албаны дарга Гантогтохоор ахлуулсан зургаан хүнтэй баг Бурхан Халдун уул руу эрэн хайх ажиллагаа хийхээр гарсан. Гэтэл тэдгээр таван иргэний жолооч н.Батмөнх гэх хүн Хэнтий аймгийн Биндэр сумын цагдаагийн хэлтэс рүү хүнээр дамжуулан “Бурхан Халдун ууланд авирахаар явж байсан таван иргэний маань нэг нас барчихлаа. Тусламж дуудаж өгөөч” гэж мэдэгдсэн байдаг. Дөнгөж сая авсан мэдээллээр (2020.02.17ны18:00 цаг) цагдаагийн байгууллагынхан 17:40 цагийн байдлаар талийгаачийн биед үзлэг, шалгалт хийж дуусаад хамт явсан хүмүүсийг нь Улаанбаатар руу явууллаа гэсэн. Мөн манай эрэн хайх ажиллагааны баг ч аймгийн төв рүү хөдөллөө гэсэн. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгана гэсэн” гэлээ. Тус аймгийн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр “Ууланд авирах зорилготой ирсэн таван хүний нэг нь Бурхан Халдунд хүрч амжилгүй нас барсан шиг байна лээ. Хамт явсан хүмүүс нь онцгойгийнхонд төөрсөн гэж дуудлага өгсөн мөртлөө цагдаагийнханд “Нас барчихлаа” гэж давхар дуудлага өгсөн гэсэн. Талийгаач залуу Бурхан Халдун ууланд төөрөх нь битгий хэл авирч ч эхлээгүй байсан гэсэн” гэлээ.

Иймд тус аймгийн Цагдаагийн газрын даргатай утсаар холбогдон дээрх хэргийн талаар тодруулахад “Хэргийг шалгах ажил эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. 

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД УУЛАНД АВИРАХААР ЯВААД 29 ХҮН ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ

Сүүлийн жилүүдэд ууланд алхах, авирах, оргилуудыг эзлэх спорт, хообий монголчуудын дунд нэлээд түгж, авирагч, алхагчдын тоо эрс нэмэгдсэн. Гэвч аюулгүй байдлаа сайтар хангаж чадаагүйгээс болон санамсар болгоомжгүй зэрэг шалтгаанаас авирсан ууландаа үүрд үлдсэн хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Бүр тодруулбал, сүүлийн таван жилд ууланд авирахаар яваад эргэж ирээгүй монгол уулчин, сонирхогчийн тоо 29 болсныг эх сурвалж мэдээллээ.

Жишээ нь, өнгөрсөн 2017 онд Отгонтэнгэр ууланд сонирхогчдын авиралт хийж явсан 27 хүний 17 нь цасан нурангид дарагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс хоёрхон жилийн өмнө Алтай таван богдын Хүйтний оргилд авиралт хийхээр явсан таван уулчин ор сураггүй болж, тэд мөн тэндээ мөнх бусыг үзсэн нь тодорхой болж байв. Түүнчлэн өнгөрсөн жил Богдхан ууланд сонирхогчийн алхалтаар хичээллэж байсан 61 настай Д хаднаас унаж, амиа алдав. Энэ сарын 16-нд Хэнтий аймгийн Бурхан Халдун уулын орчимд амиа алдсан талийгаач Э-гийн үхлийн шалтгааныг тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж байна. Ташрамд дурдахад, одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 71 хүн Бурхан Халдун ууланд 10 гаруй цаг төөрсний эцэст бүгд эсэн мэнд олдож байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.