ГХ-ийн сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүмүүнлэгийн аян" зарлаж байгаагаа мэдэгдэв.
Монгол улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэрийг гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилжээ. Монгол улсаас жилд 1.1-1.6 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол улсад ирж буй нийт жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэн эзэлдэг байна.
Манай улс 2018 оны байдлаар аялал жуулчлалын салбараас 596 сая доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлжээ. 2018 онд 1.5 тэрбум долларын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бүтээж байна. Мөн нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол улсад олгосон юм.
Тиймээс бид хүнд нөхцөлд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзжээ. Сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН бүр хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтийг хялбар шийдэх үүднээс ийн нэгдсэн зохион байгуулалт хийж байгаа гэлээ.
Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд Төрийн банкны 341 303 432 597 дансанд хандив өргөх боломжтой. Цугларч буй буй хандивын мэдээллийг хандивын хамт долоо хоног бүр БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгөх юм байна.