Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн хамт энэ жил Монгол Улсын аварга малчин, аварга саальчин цолоор шагнагдсан Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баян-Өндөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Заг, Өлзийт, Хүрээмарал сумын малчин, саальчидтай албан өрөөнөөсөө онлайнаар холбогдож, баяр хүргэжээ.
Онлайн уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон дээрх сумдын удирдлагууд, аварга малчдынхаа хамт оролцсон байна. Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн, цас зуд багатай, цөөн айл зэргэлдээ аймаг, сумдын нутагт отор хийж яваа юм байна. Аймаг, сумын удирдлагууд малчдаа дэмжиж, байнга анхаарал хандуулж байдагт нь аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол мал, малчин хоёр бол Монголын баялаг юм. Малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн хүндэлж, жил бүр Аварга малчдыг тодруулдаг сайхан уламжлалтай. УИХ-ын гишүүд нутаг ус, тойргоосоо тодорсон Улсын аваргуудад биеэр очиж хүндлэл үзүүлэн, шагналыг нь гардуулдаг. Энэ жилийн хувьд цаг зуурын хүндрэл үүссэнтэй холбоотойгоор очиж амжихгүй нь. Төрийнхөө шийдвэрийг иргэн бүр даган биелүүлэх үүрэгтэй. Тиймээс та нартайгаа технологийн дэвшлийг ашиглан, онлайнаар уулзаж, мэндчилгээ дэвшүүлж байгаа юм.
Хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилт, бэрхшээлийг бид даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр Монгол Улсад корона вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сэрэмж илүүдэхгүй. Хүнсний бараа болон эмнэлгийн шаардлагатай хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний гаалийн татварыг багасгах, чөлөөлөх асуудлаар дөнгөж сая Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар төлөвлөж байна.
Та бүхэн маань өргөн дэлгэр золгуутаас аль болох татгалзаж, гар утас, дүрст холбоогоор ахмадууд, ахан дүүстэйгээ золгож, монгол ёс заншлаараа мөр зүгээ гаргаж, уул ус, хангай дэлхийдээ сүслэн залбирч, сайхан шинэлээрэй. Ахмадууддаа хүндрэл төвөг учруулалгүй, асран хамгаалахад илүү сайн анхаараарай. Ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн Та бүхэндээ болон Та бүхний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, нутгийн зон олондоо баяр хүргэж, Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Удахгүй цаг сайхан болж, хорио хязгаарлалт тавигдсаны дараа учран золгохын ерөөл тавья гэв.
-2019 он Баянхонгор аймгийн малчин түмний хувьд амжит бүтээл дүүрэн жил байлаа. Манай аймаг малаа таван төрөл дээр нь өсгөж, нийт малын тоогоороо улсад VI байрт орж, тэмээний тоогоороо II-т, ямаагаараа улсад тэргүүллээ. Арван нэгэн хүн Улсын аварга малчин, саальчин боллоо. Малынхаа төлөө цаг наргүй зүтгэдэг, уйгагүй хөдөлмөрч Та нараараа бид бахархаж байна. Та бүхэн бол нөхөн сэргээгддэг, өсөн үрждэг баялгийг бүтээгчид. Тиймээс Сар шинийн босгон дээр амьдралын аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ.
Энэ жил Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Ж.Ганзориг, Баянлиг сумын малчин С.Банди, Баян-Өндөр сумын малчин З.Батцоодол, Бууцагаан сумын малчин Б.Магвансүрэн, Галуут сумын малчин Х.Амгаабазар, Гурванбулаг сумын малчин Д.Цэндсүрэн, Заг сумын малчин Б.Лувсанбат, Өлзийт сумын малчин Б.Бат-Олдох, Хүрээмарал сумын малчин А.Батдэлгэр, С.Сумъяабазар нар Улсын аварга малчин, Өлзийт сумын саальчин С.Оюунчимэг Улсын аварга саальчин болсон юм.