Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, төв салбаруудад коронавируст халдварын үед дуудлагаар үйлчлэх түргэн тусламжийн хоёр багийг томилон, ажиллуулах бэлэн байдлыг хангасан хэмээн НЭМГ-аас мэдээллээ.
Хэдийгээр манай улсад тус халдвараар өвчилсөн тохиолдол илрээгүй хэдий ч урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газраас шуурхай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавирусийн халдвараас сэргийлэх гарын авлага 100,000 ширхэг, зурагт хуудас 3000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд тарааж, зөвлөмж хүргүүлж ажиллажээ.