“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох шийдвэр гаргасантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:
ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор мэдээлэл хийж байна. ЭТТ ХК-ийн ТУЗ яг одоо хуралдаж байна. Хуралдааны тогтоолууд эхнээсээ албажин гарч эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн удирдамж чиглэлийн хүрээнд ногдол ашиг олгох асуудлыг ЭТТ ХК-ийн ТУЗ албажуулж шийдвэрлэлээ.
Тус компани байгуулагдсанаас хойших 10 гаруй жилийн хугацаанд ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй. Анх удаа ногдол ашиг олгох асуудлыг ТУЗ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа. Өмнө нь иргэдийн хувьцааг нь төрөөс авч бэлэн мөнгө тарааж байсан тохиолдол бий. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Харин хуульд заасан ногдол ашгийг олгож буй үйл явдал юм шүү. ЭТТ ХК олсон цэвэр ашгаа бүтээн байгуулалтдаа эхний ээлжид ашиглая гэдэг шийдвэр өнгөрсөн онд гарч байсан. Тус мөнгөө Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, бусад бүтээн байгуулалтад зарцуулсан. Өнгөрсөн онд нэг хувьцаанд 25 төгрөг олгох тооцоо судалгаа гарч байсан бол энэ жил 90 төгрөгийн ногдол ашиг өгч байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:
ЭТТ ХК 2019 онд 1 тэрбум, 30 сая ам.долларын борлуулалт хийж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнөөдөр иргэддээ анх удаа ногдол ашиг олгох шийдвэр гаргалаа. 2016 он хүртэл компани маш их өр төлбөртэй байсан бол 2016 оноос хойш бүх өр төлбөрөө төлж, цэвэр ашигтай ажиллах болсон. Төр муу менежер биш, ашигтай ажиллаж болдог гэдгийг манай уурхайчид харуулж байгаа. 1072 хувьцаатай 1,080,592 иргэн байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд 1072 хувьцаатай хүнд 96480, 1063 хувьцаатай хүнд 95670, 964 хувьцаатай хүнд 86760, 955 хувьцаатай хүнд 85950, 857 хувьцаатай хүнд 77130, төгрөгийн ногдол ашиг олгоно.
Иргэдийн хувьцааны ногдол ашгийг энэ ондоо багтааж хийнэ. Эхний хагас жилд ногдол ашиг авах иргэдийн жагсаалт, мэдээллээ гаргаж дуусгаад тавдугаар сарын 20-оос ногдол ашгийг иргэдэд олгож эхэлнэ.
Хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээллийг та бүхэн 1800-1072 утсаар, манай компанийн албан ёсны цахим хуудас, албан ёсны пэйж хуудас болон ETT аппликейшнээр бүртгүүлж аваарай. Сүүлийн үед улстөрийн ашиг хонжоо олох гэсэн хуурамч мэдээлэл тараадаг хувь хүн, хуудас хаягууд олноор гарч байгаа тул тэдгээр хүмүүсийн мэдээлэлд битгий итгээрэй. Харин албан ёсны шугамаар албан ёсны үнэн зөв мэдээллийг авахыг зөвлөж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой. Мөн ETT нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг гар утсандаа татаж суулгаснаар хувьцааныхаа тоо ширхэгийг хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болно.
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хараат бус гишүүдийн төлөөлөл:
ЭТТ ХК өндөр ашигтай ажилласан тул иргэд, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох шийдвэр гаргасныг бид дэмжиж байна.
Та "Эрднэс тавантолгой" ХК-ийн хэдэн ширхэг хувьцаа эзэмшигч гэдээ ЭНД дарж шалгах боломжтой.