Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллажээ. Шуурхай бүлгийн хурлаар аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн долдугаар хуралдаан болж өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг танилцуулжээ.
Хурлын үеэр Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн сумдад 600 тонн өвсийг үнэ төлбөргүй, 430 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор боллоо. Хөвсгөл аймгийн Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан, Их-Уул зэрэг суманд цас их орж дагтаршиж мөстөн, хүйтний эрч буурахгүй байгаа тул өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байгаа юм байна.