СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-02-17

З.Энхболд намдаа очиж, “экс”-үүдийг интерполоор хайж эхлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Улс төрийн хүрээнд нэлээд онцлог долоо хоног болж өнгөрлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга монголын уламжлалт сар шинийн баярыг хориглох зарлиг гаргав. .  Мөн долоо хоногийн сүүлчээр парламент дахь сөрөг хүчний дарга С.Эрдэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан билээ.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан эрэн сурвалжлуулахаар интерполд ханджээ.  Энэ тухай ахлах комиссар Т.Баярхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.  Тэрээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж, Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.  Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг нээгээд шалгаж байгаа. 

Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болоод байна. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна” гэсэн юм.  Энэ мэдээллийн дараа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч чимээгүй байсангүй.  Тэрээр цахим хуудсаараа дамжуулан “Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно” гэдгээ хэлсэн байдаг.

Өнгөрөгч долоо хоногт ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өглөө.  Түүнийг Ерөнхийлөгчийн дэргэдээс явж, АН-д очих тухай яриа нэлээд эртнээс гарч байв.  Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор ийнхүү ажлаа өгч байгаа гэнэ.

З.Энхболд “Сонгууль болох гээд байдаг.  Би амиа бодмоор байна. Аль нэг тойргийг сонгож бэлтгэл хийнэ. Хэдийгээр би улс төрийн албан тушаалаа өгөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж болох байсан ч надтай холбоотой худал мэдээлэл гараад байгаа учраас Ерөнхийлөгч намайг сонгуульдаа бэлд гэсэн” хэмээв.  Харин түүний оронд ЕТГ-ын даргаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Ө.Шижир томилогдлоо. Өмнө нь түүнийг энэ албан тушаалд бэлдэж дагалдангаар ажиллуулж байгаа тухай яригдаж байсан.  Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь сайдын багт ажиллаж байсан. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн компанит ажлыг удирдсан, АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн юм.

ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгөхдөө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар багагүй зүйл ярьсан. Тэрээр “Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүсээд хуулийн компанид хандсан. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавьж өгч, Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн хэлсэн нь Ч.Сайханбилэгийн бухимдлыг төрүүлсэн бололтой.

Үгийн хариуг мөн л  цахимд шидлээ. Тэрээр “Өчигдөр нэг масктай нөхөр ордны тайганаас намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, гуравхан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй. Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй” гэсэн байдаг.

Ийнхүү АН-ыг төр барьж байх үед Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан улстөрчид бие рүүгээ “чулуу” шидэлцэхдээ зэрэгцэн одоогийн сөрөг хүчний дарга С.Эрдэнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татсан мэдээлэл ч байна.  Тухайлбал, АТГ-аас  С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.  Харин яллагдагчаар тооцох эсэхийг хяналтын прокурор шийдэх юм. Түүнийг ХНХ-ын сайд байхдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Т.БАТСАЙХАН

2020.2.17  ДАВАА  № 33 (6258)

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.