СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-02-17

Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн өнөөдөр тэрээр Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм монголчууд аа,

Ард иргэд ээ,

Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.

Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.
Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.

Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.

Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.

Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.

Ард иргэд ээ,

Монголчууд аа,

Настан буурлууд аа

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.

Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.