Хөвсгөл аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Энх-Амгалан өөрийнхөө албан ёсны цахим хуудсаар дамжуулан бусдад 60 сая төгрөгөө залилуулсан гэдгээ зарлав. Тэрбээр “Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 50-60 хүнтэй оёдлын цех байгуулах, ажлын байр гаргах саналыг хүлээн авч “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгт 2018 оны 5 дугаар сард 6 сарын хугацаатай, хүүгүй 60 сая төгрөгийг хувиасаа зээлдүүлсэн.
Гэвч “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг зээлээ төлөлгүй 2 дахь жил боллоо. Өнөөдөр сошиал сүлжээнд мөнгөө шүүхээр нэхэмжлэлээ гэж нилээн их дайрч, доромжиллоо. Хэрэв энэхүү санхүүжилт хэрэгтэй эзэндээ очсон бол, жинхэнэ утгаар нь ашигласан бол бага ч гэсэн амжилт олж болох байсан.
Энэ хүн төрсөн нутагт чинь үйлдвэр барина, зөндөө их ажлын байр гаргана, туслаач, дэмжээч гэж олон өдөр шалж, намайг тэнгэрт тултал магтаж их ээрсэн дээ.
Манай нутгийнхан “Хөх сувд” брендийн хувцасны үйлдвэртэй болох юм байна, ядаж сурагчийн дүрэмт хувцасаа аймагтаа үйлдвэрлэх боломж нээгдэх юм байна гэсэн сайхан итгэлээ алдсан. Хүний итгэлийг алдахгүй байх нь мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй.
Өнөөдөр ЖДҮ-ийн зээл жилийн 3-8 хувийн хүүтэй. Гэрээнд тусгагдсан 0,5 хувийн алдангаа тооцолгүйгээр зүгээр л анх байгуулсан оёдлын цех, тоног төхөөрөмжөө ажилтай, орлоготой болно гэж итгэж найдаж байсан нутгийн оёдолчдод хүлээлгэж өг. Тэгвэл өр цайрна” гэх постыг оруулжээ.
Харин бид уг асуудлыг тэнцвэртэй хүргэх үүднээс “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгтэй холбогдож тодруулахад “Би удахгүй чам руу залгаж мэдээлэл өгнө. Хэн нь залилагч болохыг харуулна” гэв.