СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-02-14

LIVE: Тэргүүн хамба Д.Чойжамц: Сар шинийн хурал, заслаа хийдгээрээ хийнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны сүм хийдүүдэд олон нийтийг хамарсан хурал номын ажлыг хоёрдугаар сарын 12-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хийхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Тэгвэл 17 дугаар жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн хурал номоо хийх эсэх асуудлаар өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц  мэдээлэл хийлээ. 

Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц: 

Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэдэг үгтэй. Бурхны шашны философиор цаг хугацааны үргэлжлэл л явж байна. Монголд шашин номонд сүсэг бишрэлтэй олон хүн байгааг харгалзан үзэх ёстой. Монголчууд 1000 жилийн тэртээгээс сар шинийн баяраа тэмдэглэж ирсэн бөгөөд битүүний өдөр гэр орноо цэвэрлэж, өр төлбөрөө дуусгаж, тухайн жилийнхээ үр өгөөж, амжилт ололтоо урамшуулан баярлаж өнгөрүүлдэг. Шинэ оноо эхлэхдээ хоорондоо хөөрөг зөрүүлж, хуучин онд өнгөрсөн муу муухай бүхнээ мартан дуусгаж, шинэ жилээ элбэг дэлбэг, сэтгэл дүүрэн тэмдэглэсээр ирсэн ёс номтой. 

Сүүлийн үед цагаан сарыг цуцална гэдэг үгийг Засгийн газраас хэлэх боллоо. Мянган жилийн уламжлалтай ард  түмний баярыг цуцлана хэмээн шууд хэлж байгаа нь бэлгэгүй. Арай өөр үгээр орлуулж хэлэх ёстой хэмээн би бодож байна. Монголын ард түмнийгээ муу муухай бүхнээс хамгаалах номыг айлтган уншиж, үрэл номыг хийдгээрээ хийнэ. Битүүний өдрийн хурлаа урьдын адилаар хурна. Харин сүсэгтэн олон та бүхнийгээ битгий олноороо ирээрэй хэмээн уриалж байна. Манай гандан хийдийг зорьж ирсэн иргэнийг буц хэмээн хэлж чадахгүй. Гэхдээ тэднийгээ ханиад томуунаас хамгаалах чиглэлээр амны хаалт өгөх, ариутгал цэвэрлэгээг өөрсдийн түвшинд хийнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.