Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын санаачилгаар ''Green world” групптэй хамтарч “Амжилт өөд хамтдаа” бүрэн хэмжээний баримтат киног хийхээр болжээ. Уг бүтээл нийт долоон ангитай бөгөөд одоогоор кино зохиол 90 хувьтай бичигдсэн гэнэ. Киноны зураг авалтыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэх аж.
Зураг авалтын нэлээд хэсгийг “Токио-2020” олимпын үеэр японд авахаар төлөвлөжээ. Жудо, бокс, сагсан бөмбөг, чөлөөт бөх, таеквондо, Паралимпын хүндийн өргөлт, байт харваа зэрэг спортын долоон төрлөөр долоон анги хийх киноны ерөнхий найруулагчаар Ж.Чингүүн ажиллахаар болжээ. Киноны талаар Х.Цагаанбаатар “Миний хань энэ жил долоо дахь олимпдоо оролцох гэж байгааг бэлэгшээгээд долоон ангит кино хийхээр зорьж байна. Энэ жил манай тамирчид олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Энэхүү киногоороо тамирчид хэр их хичээл зүтгэл гаргадаг, ямар олон жаргалаас зугтаж амжилт гаргадаг, шаналал ядрал, зовлон бэрхшээлийг туулдаг болохыг харуулна. Энэ бол олимпод оролцох гэж байгаа баг тамирчдын тухай Монголын анхны баримтат кино болох юм. Зураг авалтын шийдэл, өнгө төрх нь ч шинэлэг байна” хэмээн ярилаа.
А.Марал