Коронавирусийн улмаас авто замын хилийг хааж, шаардлагагүй тохиолдолд монгол иргэдийг урагшаа гаргахгүй байх чиглэлийг Онцгой байдлын комисоос мэдэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа ч жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч нар БНХАУ-аас өөрсдөө очиж бараа бүтээгдэхүүнээ сонгон авчирдаг билээ.
Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэхгүй байх тогтоол гарснаас хойш томоохон худалдааны төвүүдийн орлого багасч, татаж авсан бараануудаа худалдан борлуулж чадахгүй байдалд хүрээд байгаа гэх болсон. Ингээд нөхцөл байдал Хархорин худалдааны төвийн түрээслэгч нар ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.
Хулдаас, бүтээлэг зардаг түрээслэгчээс тодруулахад "Хил хаахаас өмнө нь хэдэн бараа татаж авсан тэрийгээ борлуулж байна. Цагаан сарын үеэр наймаачдын хувьд хамгийн их ашиг олж, өр зээлээ барагдуулдаг үе. Гэвч халдварт өвчнийн улмаас цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхээр болсон шийдвэр гарсны дараачаас орлого эрс муудсан. Өнгөрсөн сарын түрээсээ өгсөн. Энэ сар болон дараа сарын түрээсийн орлого болох 900 мянган дээрээс нь зээл энтэрээ хэрхэн яаж барагдуулахаа мэдэхгүй байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан түрээсийн үнээ багасгах боломж байвал сайхан л байна" гэсэн юм.
Бээлий зардаг худалдаачин: "Өнгөрсөн долоо хоногт БНСУ-аас ирлээ. Арай ч урьд нь ийм орлого муутай байдаггүй байсан. Улирлын чанартай бараагаа өр зээл тавин ихээр татсан байсан. Өдөрт 30-40 мянган төгрөгийн орлоготой байна. Энэ байдлаараа түрээсээ төлж чадахгүйгээс гадна. Хавар, намрын улирлын бараагаа татах мөнгө олж чадахгүйд хүрээд байна. Улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ үед түрээсийн мөнгөнөөс бага ч болов чөлөөлж өгвөл сайн байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.