АНУ-ын Засгийн газар дэлхийд тэргүүлдэг Харвард, Йелийн их сургуулиуд Саудын Араб, Хятад зэрэг улсуудаас нууцаар санхүүжилт авсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж эхэлжээ. Тус улсын Боловсролын байгууллагаас эдгээр шилдэг их сургуулиуд гадны улс орнуудтай хийсэн гэрээ, бэлэг солилцооны шугамаар орж ирсэн олон зуун сая долларыг бүрэн мэдүүлэлгүй, нуун дарагдуулсан гэж буруутгаад байна.
Америкийн хуулиар их сургуулиуд гадны улс орнуудтай байгуулсан 250,000 ам.доллараас дээш бүх гэрээ хэлэлцээр, бэлэг солилцооны талаар Засгийн газарт заавал мэдэгдэх журамтай. Өнгөрсөн оны долдугаар сард Боловсролын газар Катар, Хятад, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт улсуудаас бэлэглэсэн ч нуун дарагдуулсан байсан 6,6 тэрбум ам.долларыг илрүүлснээс хойш ийнхүү томоохон их дээд сургуулиудыг шалгахаар болсон байна.
Эрх баригчид Йелийн их сургуулийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт, байгуулсан гэрээ, бэлгийн талаар огт мэдээлээгүй ба 375 сая долларыг нуун дарагдуулсан гэж сэрдэж байгаа ажээ. Энэ сарын эхэнд Харвардын их сургуулийн химийн хүрээлэнгийн эрхлэгч болон Хятадын хоёр судлаач Бээжин дэх Засгийн газартай байгуулсан харилцаа холбоогоо хуурамчаар мэдүүлсэн гэж үзэн яллахаар болсон юм. Үүний дараа Харвардад ч мөн нуун дарагдуулсан гэрээ хэлэлцээр байгаа гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС