СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2020-01-31

Хурд эзэгнэгч

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Эх хүн гэдэг үрээ тэнтэр, тунтар алхаад унахад нь дэлхий унах мэт уулга алдан сандарч, тэнд энд гишгээд ойчиход нь орчлон хазайх шиг барьц алддаг гэдэг. Хоёрхон настай хүү тэнтэр, тунтар алхаад биш, тэсгэм хүйтэн өвлийн өдөр жижигхэн биедээ ахадсан техникт мөргүүлж, холын хол шидэгдсэн өр өвтгөм түүхийн эзэн Пүрэвцогын Энхманлайг “Эгэл амьдрал” буландаа урилаа.

Тэрбээр хөнгөн нэртэй хүндхэн спортод гараа тавиад өдгөө арван жил болж байгаа. Гараа гэж хэлсний учир нь тэр автомашины осолд орсны улмаас нуруундаа хүнд гэмтэл авч хөл дээрээ дахиж гишгээгүй. Амьд явахаас бусад бүх эрх нь зөрчигдсөн ч тэр хэнийг ч буруутгаагүй өдийг хүрсэн.

Автын осолд орж, сумынхаа эмнэлэгт эмчлүүлээд хөнгөн бэртэл гээд хөдөө гэр рүүгээ буцаж байсан гэдэг. Харин ээж нь “Энэ хөнгөн гэмтэл биш байна. Зүгээр гүйгээд явж байсан хүүхдийн хөл мэдээгүй болчихлоо” гэж Улаанбаатар хот руу хүүгээ тэврээд ирж байжээ. Мэргэжлийн эмч нар “Нуруундаа бэртэл авч удсаны улмаас нугасны цус хуралтыг авах хугацаа хэтэрсэн. Хөл дээрээ дахин алхах боломжгүй” гэдэг хариу өгсөн аж.

Ижий, аав хоёр нь түүнийг эмчлүүлэх гэж тамираа тасартал, хөлөө хүрэх газар хүртэл, очоогүй газар, эмч, бариач гэж байхгүй болтол явсан гэсэн. Тэдний хүүгээ хөл дээр нь босгох итгэлийн цог одоо хүртэл унтраагүй, унтрахгүй ажээ. Сургуулийн сурагч байтугай цэцэрлэгт явж чадаагүй тэрбээр бие даан үсэг сурч, 16 нас хүртлээ аав, ээжтэйгээ хамт сумандаа амьдарсан байна.

Амьдралын эрхээр өөрийгөө хөгжүүлж, багахан ч болов нийгмийн амьдралд хөл тавих гэж нийслэлийг бараадаж байжээ. “Би Хэнтий аймгийн Биндэр сумд төрж, Онон голын хөвөөнд хүн болсон. Хөдөө гэрт маань өвлийн идэш авахаар очсон хүний машинд би дайруулж, хөл мэдээгүй болсон. Ийм л хувь тавилангаар хорвоог дуусгах тавилантай юм байлгүй гэж бодож явдаг. Санаатайгаар намайг дайраагүй болохоор хэнийг ч би буруутгахгүй” гэв. Түүний хүүхэд нас бусдын адил гүйж харайж өнгөрч чадаагүй ч тэр одоо бусдаас дутахгүй өөрийн гэсэн ертөнцтэй нэгэн болжээ.

Улаанбаатарт ирээд гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт байдаг. Хоёулаа тийшээ явж тэмцээн үзэх үү гэж өөртэй нь адилхан ах хэлэхэд дуртай нь аргагүй явж, амьдралынхаа хамгийн жаргалтай мөчтэй учирч байсан гэж тэр хэлсэн. Тэр үеэс л пара хөнгөн атлетикийн спортын гүйлтийн төрлөөр хичээллэх суурь нь тавигдаж, өнөөдрийг хүртэл энэ спорттой амьдралаа холбож, өдгөө олон улсын хэмжээний мастер болжээ.

“Анх хөнгөн атлетикийн тэргэнцэртэй гүйлтийн төрөлд хичээллэж эхэлж байхад хэцүү юм их байсан. Гэхдээ би хэцүүг биш аль сайхан болгоныг ярихыг хичээдэг. Спортоор хичээллэж эхэлснээс хойш амьдралыг аль болох гэрэл гэгээтэйгээр харах гэж оролддог болсон. Хөнгөн нэртэй ч хүндхэн спортоор би байтугай эрүүл хүн ч хичээллэх хэцүү шүү дээ. Анх 42 километрийн зайны марафонд гүйж байхад надад яг нисэж байгаа мэт санагдаж билээ. Бас өөрийнхөө хурдан гүйж байгааг мэдрэх нь морин дээр давхиж байгаатай адил санагдаж байлаа.

42 километрийн зайны марафонд гүйж байхад надад яг нисэж байгаа мэт санагдаж билээ. Бас өөрийнхөө хурдан гүйж байгааг мэдрэх нь морин дээр давхиж байгаатай адил санагдаж байлаа. Хүмүүс хөлөөрөө гүйгээд 42 километрийг дуусгаж байхад би гараараа гүйж замаа дуусгасан.

Хүмүүс хөлөөрөө гүйгээд 42 километрийг дуусгаж байхад би гараараа гүйж замаа дуусгасан. Миний багийн мөрөөдөл хөнгөн атлетикийн тамирчин болох байсан юм. Гэхдээ би хөлгүй ч гараараа энэ мөрөөдлөө биелүүлж яваа. Би спортын гэх тодотголд дэндүү хайртай. Бэртлээсээ болоод холын зайнд уралдаж чадахгүй байгаа. Ойрын зайнд л уралдаж байгаа. ” гээд инээмсэглэв. Түүнд яваагүй газар, уулзаагүй эмч байхгүй.

Өөрийнх нь төлөө манддаг нар шиг аав, ээжийнхээ их тэвчээр, хөдөлмөрч зангийнх нь зах зухыг өвлөөд төрчихсөн азтай хүү гэж өөрийгөө тодотгосон юм. Хэрэв шантардаг, тэвчээргүй нэгэн байсан бол ижий, аавыгаа бүр ч илүү зовоох байсан байхдаа гэж тэр ярив. Хүү нь өөрийнхөө ертөнцөд эгэл амьдарч байгаа учраас эцэг, эхийнх нь сэтгэл хааяа ч гэсэн тэнийдэг байх. Спорт тэр дундаа пара спортын тамирчин байна гэдэг хэцүү. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд маш их зүйл шаардагддаг аж. Монголд П.Энхманлайтай адилхан нуруу, нугасны бэрхшээлтэй хүн олон байдаг гэнэ.

Тэдний зарим нь хөнгөн атлетикийн спортыг сонирхдог ч техник хэрэгсэл буюу гүйлтийн тэргэнцэр байхгүйн улмаас мөрөөдлөө биелүүлэх нь ховор ажээ. Учир нь өөрийнх нь хэрэглэдэг гүйлтийн тэргэнцэр нь ойролцоогоор хорин сая төгрөг бөгөөд улсын мэдэлд ганцхан ширхэг байдаг гэнэ. Тэрбээр “Хөрөнгө мөнгөгүйгээс болоод хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй олон залууг харж байлаа. Манай улс бидэн шиг тамирчдыг дэмжихдээ тааруу. Би олон орон руу явж бэлтгэл сургуулилалт хийж байсан. Тэнгэр газар шиг өөр ертөнц байдаг. Гэхдээ нэг үеэ болбол дэмждэг болоод байна.

Би өөрийнхөө сайнд гүйлтийн тэргэнцэртэй болчихсон юм биш ээ. Гадаадад байдаг монголчууд маань нэгдэж 2017 онд надад одоо хэрэглэж байгаа тэргэнцрийг маань бэлэглэсэн” гэлээ. 2010 онд хамгийн анхны тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртэж байсан тэрбээр улсын аваргад есөн жил түрүүлээд байгаа гэнэ. Мөн олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнд оролцохдоо медальгүй ирж байсан түүх ховор гэнэ. Түүнчлэн тэрбээр 2017 оноос хойш улсын үндэсний шигшээ багт багтаж, бэлтгэлээ базааж байгаа гэнэ.Түүний олон улсад эзэмшдэг 100 метрийн зайны хурд нь 16 секунт гэсэн.

Ирэх гуравдугаар сард “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцоно гэдгээ бидэнд дуулгав. Тэрбээр “Эр хүний цээжин дотор эмээл, хазаартай морь багтдаг бол миний сэтгэлд олимп багтаад байна шүү дээ. Олимпын эрх олгох гурван тэмцээнд оролцоно. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг үгэнд үнэн голоосоо дургүй ээ. Яагаад бид хөгжиж болохгүй гэж бодогдоод байдаг юм. Анх гудамжаар явахаар хүмүүс энэ нэг гуйлгачин гуйлга гуйгаад явна. Эсвэл юм сурах гээд очихоор “Чи чадах уу” гэсэн янзтай харьцдаг байв. Гэхдээ би тухайн үед нийгэмшээгүй байсан болохоор эмзэг байсан байж магадгүй. Одоо бол хэн ч намайг тэгж харахгүй, харин ч сайн дэмжиж байгаа юм шиг санагддаг болсон” гэсэн юм.

“Эгэл амьдрал”-ын эзэн маань одоо эхнэр охины хамт амьдардаг. Одоогоос жил гаруй өмнө охинтой болж, аав гэх эрхэм алдар, бас хариуцлагыг хүртжээ. Тэрбээр “Аав болох дэндүү сайхан байсан. Би чинь амьд, хүний ертөнцөд бусадтай хамт амьдарч хүн шүү гэжмэдэрсэн. Байгаагаасаа илүү хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ч мэдэрч байлаа.Тэр үеэс би зогсох ёсгүй гэдэг бодлыг толгойдоо бүр мөсөн суулгасан” хэмээв. Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийн өнцөг булан бүрт мандуулчихаад тэр багшийн суудалд шилжинэ гэнэ. “Ирэх намраас сургуульд сурах санаатай. Би чинь ерөнхий боловсрол ч эзэмшээгүй хүн шүү дээ. Тэгэх ч боломж байгаагүй. Миний спортын ертөнц хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед би гэр бүлээ хэрхэн тэжээх вэ гэдэг асуудал бий. Энэ тухай бодож дууссаны эцэст би сургуульд сурахаар болсон. Багш болж өөр шигээ олон хүүхдийг бэлдэж, зорилготой болгоно гэдэг том зорилт тавиад байна” гэлээ.

Мөн тэрбээр машиныхаа хөгжмийг чангалаад давхиж, гараараа хурдан гүйж, алаг үрээ тэвэрч, аав ээждээ үнсүүлж байхдаа аз жаргалыг дээдийн дээдээр мэдэрдэг тухайгаа хэд хэдэн удаа давтан хэлж байлаа. Хичээгээд ч чаддаггүй өдөр түүнд олон байсан. Тэр чадах хүртлээ явж буй жирийн бус жинхэнэ тэмцэгч гэлтэй. Тэрбээр “Токио-2020”-д оролцож, төрийнхөө далбааг мандуулсныхаа дараа дахиад уулзахын ерөөл өргөөд үлдсэн билээ.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.