Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадмаас 2008 онд монгол хүн анх удаа алтан медаль хүртсэнээс хойш монголчууд дараагийн олимпыг хоног тоосон хүлээдэг болсон. Энэ жил болох “Токио 2020” олимп долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Япон Улсын нийслэл Токио хотноо болно. Токиогийн олимпод оролцох тив, дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрөлд 324 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус олимпыг зорих Монголын тамирчдын түрүүч тодроод байгаа. Харин жүдо бөх, бокс, таэквондо, 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг, чөлөөт бөхийн тамирчид олимпын эрх олгох цуврал тэмцээнүүдээ хүлээж байна. Одоогоор олимпын эрх авсан тамирчдыг танилцуулъя.
Буудлага О.Гүндэгмаа
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Отрядын Гүндэгмаа Катарын Доха хотод болсон буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд амжилттай оролцсон. Тэрбээр урьдчилсан буудлагадаа IV байраар шалгарч “Токио 2020” олимпын эрх авсан. Ийнхүү О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо оролцохоор болж байна. О.Гүндэгмаа “Атланта 1996”, “Сидней 2000”, “Афин 2004”, “Бээжин 2008”, “Лондон 2012”, “Рио де Жанейро 2016” зургаан олимпод дараалан цэц мэргэнээ сорьж, Бээжингийн 2008 оны олимпоос мөнгөн медаль хүртсэн.
Марафон гүйлт Б.Мөнхзаяа
Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Тэрбээр бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийж, тэмцээнд оролцдог. Б.Мөнхзаяа Австрали болон Японд болсон тэмцээнд оролцохдоо хоёуланд нь олимпын эрхийн болзолыг дахин давтан биелүүлсэн юм.
Буудлага О.Есүгэн
Катарын Доха хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор олимпын эрх авсан. Тэрбээр гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь нарын хамт олимпын эрх өвөртөлсөн буудлагын дөрөв дэх тамирчин болсон юм. О.Есүгэн 2013 оноос буудлага спортоор хичээллэж эхлээд 2014 онд спортын мастер цол хүртсэн, 2015 оны Новисадын гранпри тэмцээний хэвтээ 60 сум буудах төрөлд хүрэл медаль, дэлхийн оюутны “Универсиад 2019” наадмын урт бууны 10 метрийн зайн ангилалд шагналт зургадугаар байр эзэлж байлаа.
Буудлага Ц.Анударь
ОУХМ Ц.Анударь дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас олимпын наадамд оролцох анхны эрхийг авсан. Ц.Анударь буудлагын спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байгаа. Монгол Улсын насанд хүрэгчдийн хоёр алт, гурван мөнгөн медальтай. Өдгөө 22 настай тэрбээр 10 метрийн хийн гар бууны төрөлд 578 оноо авснаар Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг юм.
Чөлөөт бөх С.Батцэцэг
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д хүрэл медаль хүртэж олимпын эрхээ хүртсэн. Тэрбээр ДАШТ-ий хос медальт Францын бөх Кумба Ларроктой дагах барилдаанд тааран хүч үзэж оноогоор цэвэр ялж, Токио 2020 олимпын эрхийг эх орондоо авчирсан. С.Батцэцэг гавьяат энэ жилийн УАШТ-д түрүүлж олимпод орлцох болзлоо бүрэн хангааад байна. “Лондон 2012” олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байлаа.
Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг
Япон Улсын Уцуномияд болсон FIBA 3x3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 зуны олимпын наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарласан билээ. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Орос, Хятад, Румын улсуудын шигшээ багуудтай хамт ирэх оны зун Токиог зорихоор болсон юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
Чөлөөт бөх Т.Тулга
ОУХМ Төмөр-Очирын Тулга чөлөөт бөхийн өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, УАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, ДАШТ-ийн шагналт тав, долдугаар байртай. Тэрбээр 2019 онд ДАШТ-ий 65 кг-ын жинд хүч үзэж “Токио-2020” олимпын наадмын эрхийг “халаасласан” билээ. Т.Тулга олимпын эрх авсан ч түүнийг “Токио-2020”-д зодоглуулах эсэхийг МЧБХ, үндэсний шигээ багийнхан шийднэ. Энэ оны УАШТ-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран Т.Тулгыг 4:3-аар ялсан. Т.Тулга, Г.Мандахнаран хоёрын хэн нь Токиог зорих нь тодорхойгүй байгаа. Тийм болохоор Т.Тулга олимпын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцвол Токиог зорих эрх хүртэж магадгүй юм.
Байт харваа Б.Отгонболд
ОУХМ Баатархуягийн Отгонболд Тайландын Бангкок хотод болсон байт харвааны олимпын эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд “Токио-2020”-д оролцох эрх авсан. Тэрбээр Монгол Улсын хошой аварга, дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай.
Түүний цэцээ сорьсон Азийн аваргад 18 орны 43 тамирчин оролцсон билээ. Б.Отгонболд Азийн аваргаас олимпын эрх хүртсэн Монголын анхны байт харваач болсон билээ. Байт харвааны дараагийн олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн ирэх зургадугаар сард Германы Берлин хотод болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн байх болно.
Буудлага Э.Даваахүү
ОУХМ Э.Даваахүү БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 177.9 оноогоор тавдугаар байранд шалгарч, олимпын наадмын эрх хүртсэн. Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэсний эцэст олимпын эрх авч чадсан, ОУХМ Э.Даваахүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Марафон гүйлт Ц.Бямбажав
Япон Улсад зохиогдсон 69 дэх удаагийн “Бэппү-Оита марафон”-д Үндэсний шигшээ баг, Зэвсэгт Хүчний 337 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав хоёр цаг, есөн минут, гурван секундийн амжилтаар шагналт тавдугаар байрт шалгарч олимпын эрх авсан. Тэрбээр дөрвөн жилийн өмнө 2016 оны Риогийн олимпод оролцож байсан туршлагатай тамирчин юм.
Н.Отгонбаатар