Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргасан.
Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй. Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав.
Өнөөдрийн хуралдаанаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулинд: Хуулийн этгээд, иргэний эрх, үүрэгт
34.2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.
37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
-37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
-37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;
-37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;
-37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;
-37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;
-37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;
-37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах.
52 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:
-52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.