Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас гаргасан захирамжуудын дагуу НХМГ, нийслэлийн Цагдаагийн газар, НОБГ хамтран хяналт шалгалтуудыг хийж байна.
Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газар, интернет тоглоомын газар, кино театрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан. Нийт 17 төрлийн мэдэгдлийг 1680 аж ахуй нэгж байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн НМХГ-аас нийслэлийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах чиглэлд анхааран ажиллаж байна.
Баар цэнгээний газрыг 24.00 цаг хүртэл ажиллах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан боловч захирамжийн хэрэгжилтийг зөрчсөн хэд хэдэн баар цэнгээний газарт зөрчлийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явагдаж байна.
Нийтийн тээврийн автобусны ариутгал халдваргүйжүүлэлтээ хяналт тавин ажиллаж байгаа гэдгээ албаныхан хэлж байна. Мөн сүм, хийдүүдэд олон хүн цуглах үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтаж хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 789 ААН, иргэд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.