Улсын онцгой комисс өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар Эрээн хотод ажиллаж амьдардаг Монгол Улсын 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр маргааш дөрвөн автобус Эрээн рүү явуулж, иргэдээ авч ирнэ. Автобусанд сууж амжаагүй иргэд төмөр замаар болон агаарын замаар дамжин эх орондоо ирэх боломжтой” гэв. Мөн “Уханьд байгаа 31 оюутныг авчрахад бэлэн болсон. БНХАУ-аас 56 улс өөрийн иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байна. Зөвшөөрөл гармагц онгоцны багт тавих хяналт, тухайн иргэдийг суулгахаас өмнөх шинжилгээний бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна” гэлээ.
Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай улсад 134 эмнэлгийн 15 мянган ор бий. Үүнээс 2195-ыг нь коронавирусийн халдвар гарсан тохиолдолд ашиглах боломжтой. Дэлхийн зарим улс Ухань хотоос иргэдээ авахдаа халдварт өвчин судлалын төвдөө хэвтүүлэхгүйгээр өөр бүс нутагт тусгаарлан, шинжилгээнд хамруулж байна. Энэ туршлагад үндэслэж тусгай объектыг судалж байна” гэв. Мөн “Манай улсад амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганц хувийн компани бий.
Энэ үйлдвэр БНХАУ-ын Хуабэй мужаас түүхий эдээ авдаг тул үйлдвэрлэл нь тасрах магадлалтай. Иймд түүхий эд татах тухайд Энэтхэг, Солонгос Улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь мөн амны хаалт хомсдсон учир олон улсын байгууллагад хандаж байгаа” гэв.
Б.Отгонзаяа