УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
Тогтоолын төсөлд Монгол УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоожээ.
Мөн "2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувийн саналаар баталсан байна.
Уг тогтоолын төсөлд сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна.
Түүнчлэн тойрог, мандатын хуваарилалтыг ч баталсан юм. Ингэхдээ УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заажээ. Ингээд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгажээ.
Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.
Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгасан байна.