Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хууль нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Гэвч "Эрдэнэс Монгол" ХХК бондоо гаргаж амжаагүй учраас нэг, хоёрдугаар сарын тэтгэврийн зээлийн 105 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкууд өөрийн хөрөнгөөр шийдвэрлэсэн юм. Харин ирэх саруудад "Эрдэнэс Монгол" компани бонд гаргаж, банкууд түүнийг нь худалдаж авах замаар зээл тэглэх үйл явц үргэлжлэх аж. Тиймээс бид бонд гаргах үйл явц ямар шатандаа яваа талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс тодрууллаа.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү:
-Тэтгэврийн зээл тэглэх тухай хуулийг УИХ-аас гаргасан. Хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гарсан. Бонд гаргах процесс хэвийн үргэлжилж байна.
-Бондын мөнгөөр 222 мянган хүний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэнэ. 192 мянган ахмадад сая төгрөгийн эрхийн бичиг, 44 мянган ахмадад сая хүртэлх төгрөгийн эрхийн бичиг олгох асуудлыг бид мөн шийдвэрлэнэ. Уг асуудлыг энэ сарын 15 гэхэд шийдвэрлэнэ. Гагцхүү бонд гаргахын тулд Хөгжлийн банк баталгаа гаргана. Баталгаа гаргуулах бичиг баримтаа өгсөн. Мөн арилжааны банкуудтай гэрээ хийх шатандаа явж байна.