Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчидтэй өнөөдөр уулзлаа. Энэ үеэр ашиглалтын шаардлага хангахаа болиод удаж байгаа "Урт цагаан"-ы үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас мэдэгдлээ.
Энэ барилгыг 30 иргэн, ААН нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, ААН-д өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг байна.
Нийслэлийг өмч ашиглалт удирдлагын газрынхан "Урт цагаан"-ы үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг НИХТ-д өргөн барих гэж байна. "Урт цагаан" гэж нэрлэгддэг Нийслэлийн өмчийн гуравдугаар байр нь 1958 онд анх баригдсанаасаа хойш нэг ч засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрсэн гэв.
Нийслэлийн өмчийн тус обьектыг МХЕГ-аас 2009, 2013 онуудад шалгаад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан байдаг аж.
Тодруулбал, "Урт цагаан" нь галын эрсдэл өндөртэй, газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй, Улаанбаатарын хамгийн эрсдэлтэй обьъктуудын нэг юм.
Нийслэлийг өмч ашиглалт удирдлагын газраас “Хотын төсөвт "Урт цагаан"-ы түрээсээс орлого олоод сүйд болдоггүй. Хотын төсвөөс нийт 450 орчим сая төгрөгийг гаргаж үйл ажиллагаа явуулдаг ч жилийн орлого нь 500 сая болдог. Урсгал зардлыг нь тооцохоор үндсэндээ 0 төгрөг гэж ойлгож болно" хэмээв .
Тус барилгын нэг метр.квадратын үнийг 9-10 мянга төгрөгөөр үнийг нь тогтоосон хэдий ч гэрээ хийсэн 30 түрээслэгч нь цааш дам түрээсээр 200 хүнд давхар түрээслэдэг байна.
Уг барилгыг сэргээн засварлах боломжгүй юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Одоо энэ байшин тордлого авахаа больсон. Ямар ч бэхэлгээ хийх боломжгүй болсон” хэмээн хариулсан юм.
"Урц цагаан"-ы үйл ажиллагааг нь зогсоож, хууль бус орлого олдгоо болъё гэж байгаа. Нураах, шинэчлэх, цаашид концессоор ажиллах зэрэг нь өмчийн эзэн болох НИТХ-ын асуудал хэмээн Нийслэлийн өмч ашиглалт удирдлагын газраас мэдэгдэв.