БНХАУ-д өнөөдөр өглөөний байдлаар Уханиас гаралтай шинэ коронавирусийн улмаас 1,000 гаруй хүн амь насаа алдаж, 42,000 хүн халдварлаад байгааг эх сурвалж дамжуулж байна. Өдөр ирэх бүр нас барагсдын тоо нэмэгдэж өнгөрсөн шөнө хоногт хамгийн олон буюу зуу гаруй хүн амьсгал хураажээ.
Улс оронд нь тахал мэт уушгины цочмог халдвар тархаж байгаа энэ үед Хятадын дарга Си Зиньпин нийслэл Бээжин хот дахь эрүүл мэндийн төвд очсон байна. Уг төвд шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа гэж эх сурвалжид дурджээ.
Амны хаалт зүүсэн Си Зиньпин дарга биеийн дулаан хэмжигчээр шалгуулж байгаа зургийг олон нийтэд дэлгэсэн байна. Уг эрүүл мэндийн төвд ирэхдээ тэрбээр шинэ вирустэй тэмцэхийн тулд илүү шийдэмгий, далайцтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг хэлжээ. Мөн бид уг тахал, халдварын эсрэг дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байх ёстой хэмээн ярьсан байна.
Гадны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар вирусийн халдвар тархсанаас хойш Хятадын дарга олон нийтийн өмнө гарах нь тун багасчээ. Мөн Си Зиньпин халдварын голомт болж тусгаарлагдаад буй Ухань хотод одоо хүртэл биечлэн очиж нөхцөл байдалтай танилцаагүй гэх шүүмжлэл гарсан байна. Тэрээр өчигдөр Бээжингийн Дитан эмнэлэгт зочлохдоо Ухань дахь эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай видео дуудлага хийжээ.
Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажлыг албан ёсоор Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян ахлан удирдаж байгаа юм. Тэрээр хэдий нь Уханьд очиж нөхцөл байдалтай танилцсан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласан ч Хятадад ирж нөхцөл байдалтай бодитоор танилцаагүй байсан бол өчигдөр буюу даваа гарагт тус байгууллагын мэргэжилтнүүдийн баг Хятадад ирсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор халдвараар нас барж байгаа иргэдийн тоо халдварлагсадтай харьцуулахад хоёр хувьтай байгаа юм.
Эх сурвалж: BBC