Домогт сагсанбөмбөгчин агсан Коби Брайнтын эхнэр Ванесса Брайнт өнгөрсөн ням гарагт болсон аймшигт ослоос хойш олон нийтийн сүлжээг огт ашиглаагүй байсан юм. Тэрээр лхагва гарагт анх удаа олон нийтийн сүлжээ Инстаграм хуудсан дахь хаягандаа нэвтэрсэн байна. Энэ талаар CNN агентлаг мэдээлжээ.
Ванесса Брайнт өөрийн Инстаграм дахь цахим хуудасныхаа нүүр зургийг хайрт хань агсан Коби болон 13 настай охин Жианна нарынхаа зургаар сольжээ. Түүний дэлгэсэн зурган дээр Брайнт NBA бүх оддын өмсгөлтэйгөө хайрт охин Жианнатай халуун дулаанаар тэврэлдсэн байв. Тэд хоёулаа аз жаргалтайгаар инээмсэглэсэн харагдаж байна.
Коби үзэсгэлэнт эхнэртэйгээ 2001 онд гэрлэж, дөрвөн охины ээж аав болжээ. Тэдний том охин Наталиа 17 настай бол бага нь хагас ой гарантай ажээ. Ням гарагт болсон ослоор хань, охин хоёроо алдсаны дараа Инстаграм хуудсаа хувийнх болгож тохиргоог нь сольсон ч лхагва гарагт олон нийтэд нээлттэй болгож ийнхүү нүүр зургаа өөрчилсөн байна.
Мөн тэрээр цахим хуудсаараа дамжуулан гэр бүлийнхээ зургийг нийтэлж “миний охид болон миний бие энэ аймшигтай цаг үед биднийг хайрлаж дэмжиж буй сая сая хүмүүст талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Тэдний төлөө залбирсан та бүгдэд баярлалаа. Бидэнд үнэхээр дэмжлэг хэрэгтэй байлаа. Бид цаг бусаар халамжит хань, гайхалтай ааваа, үзэсгэлэнт хайрт Жианна охиноо, Наталиа, Бианка, Капри нар гайхалтай эгчээ, дүүгээ алдлаа. Яг одоо учирсан уй гашуугаа үгээр илэрхийлэх аргагүй. Тэдэнгүйгээр цаашид хэрхэн амьдрахаа төсөөлөхөд ч хүнд хэцүү байгаа боловч тэд минь бидний замыг гэрэлтүүлэн үүрд хамт байгаа гэдэгт найдаж байна. Би ердөө л тэднийгээ үнсэж, тэврэхийг хүсч байна. Бурхан өршөөг. Та бүхнээс биднийг хүндэтгэж, нөхцөл байдалтай эвлэрэх хүртэл хугацаа хэрэгтэй байгааг ойлгохыг хүсч байна” гэжээ. Түүний мэдэгдэлд зургаан сая орчим хүн зүрх дарж, 400,000 хүн сэтгэгдэл үлдээсэн байна.
Эх сурвалж: CNN