БНСУ-д коронавирусын халдвар авсан дөрвөн тохиолдол гарч, уг өвчний тархац нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд уг халдварт өвчний эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй тул БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэх тохиолдолд ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас уриалсан байна.
2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг 18 улс оронд шинэ төрлийн коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээд байна.
Хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэд https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдах хэрэгтэй аж.
Цахим бүртгэлд холбогдох боломжгүй тохиолдолд өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газартай утсаар эсвэл цахим шуудангаар холбогдон бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.