УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Нямбаатар:
-Орон нутгийн сонгууль өөрийн гэсэн бие даасан хуультай болж байна. 2016 оны сонгуулийн тухай хуулиар УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцааг нэгтгэн зохицуулж байсан. Бид оны өмнө 12 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж, бие даасан хуультай болсон.
Өнөөдрийн чуулганаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах, цаашид орон нутгийн сонгуулийн хууль гэж нэрлэх бие даасан хууль батлагдлаа. Энэ хуулийн нэг онцлог нь дэлхий нийтийн сонгуулийн хөгжлийн чиг хандлага руу чиглэгдсэн.
Манай улсад аймаг орон нутгуудад нөхөн сонгуулийг явуулдаггүй болон дахин санал хураалтыг зарладаггүй явдал гарч байсан. Энэ асуудлыг цэгцэлж чадлаа. Жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нөхөн болон дахин сонгуулиудыг нэгэн зэрэг явуулахаар хуульчилж өгсөн.
Мөн энэ удаагийн сонгууль ирцийн босгогүй байхаар хуульчлагдлаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульдаа иргэд өөрсдөө идэвхитэй оролцох шаардлагатай болж байна. Санал хураалтыг өглөөний 7 цагаас эхлээд 20 цагт дуусгахаар хуульчилж өглөө. Дэлхийн ихэнх улс сонгуулийг 18 цагт хаадаг гэсэн судалгаа байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд захирал, ТУЗ-ийн дарга гэх мэт албан тушаалтнууд орон нутгийн сонгуульд нэр дэвших тохиолдолд наймдугаар сарын нэгний өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр хуульчилж өгсөн.