ЭМЯ-наас өдөр болгон 11:00 цагт коронавирусийн цаг үеийн байдлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: Өнөөдөр өглөөний байдлаар Уханий шинэ төрлийн коронавирусийн халдвараар 170 орчим хүн амиа алдаж, 7,700 гаруй хүн халдварласан халдварын тархалт БНХАУ-д эрчимтэй тархаж байна.
Шинээр Арабын Эмират улсад коронавирусийн 4 тохиолдол бүртгэгдсэн. Энэ сарын хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гурван удаа олон улсын тээвэрт хийх хяналт шалгалтыг шинэчилсэн. Энэ хүрээнд БНХАУ-ын хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Голомтой бүс нутгаас шууд ирж байгаа зорчигчдод хяналт шалгалт хийхийг олон улсад зөвлөж байна.
Хүнээс хүнд халдсан тохиолдол өөр улсад бүртгэгдсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэх талаар дахин хэлэлцэхээр шуурхай хуралдаан зарласан.
Өнгөрсөн нэгдэхь өдөр Япон улсаас 200 ширхэг оношлуур авсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дахин коронавирусийн оношлуур авахаар болсон. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 28-нд ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдол хэвтсэн нь хариу нь сөрөг гарсан тул эмнэлгээс зөвлөмж өгөөд гаргасан. Халдвар гарсан улс руу ойрын хугацаанд зорчсон иргэдэд сэжигтэй тохиолдол илэрсэн бол ХӨСҮТ-д хандахыг зөвлөсөн. Энэ хүрээнд энэ сарын 29-нд ХӨСҮТ-д дөрвөн иргэн хандсан. Дээрх дөрвөн иргэний хувьд сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2500-3000 оношлуурыг авахаар захиалга өгөх санал хүсэлтээ өгсөн.
Амны хаалтаа зөв зүүх, нус цэрээ ил хаягүй байх. Ахуйн хавьтлаар халдвар тархадаг тул заавал гар барихгүй толгой дохих, нимгэн бээлий өмсөөд өдөр болгон угаах хэрэгтэй.
Нүдэнд үл үзэгдэх дайснууд бидэнд аюул учруулж байхад ухаантай хүн өөрийнхөө төлөө, бусдын төлөө ариун цэврээ сахиж чадвал бид ялж чадна гэдгийг санах хэрэгтэй.