Алдарт Титаник хөлөг дахин амилахаар болжээ. Австралийн “Blue Star Line” компанийн захирал, бизнес эрхлэгч, улс төрч Клив Палмерын санаачилсан “Титаник 2”-ын төсөл хэрэгжиж эхэлсэн байна.
Хамгийн анх 2012 онд хөлгийг дахин барьж угсрах санал дэвшүүлсэн ч хөрөнгө оруулалт дээр гацсаар энэ жил төсөл албан ёсоор эхэлжээ. Хөлгийг 500 сая ам.доллараар барих ба 2022 онд аялалд гарахад бэлэн болно.
1912 онд мөсөн уул мөргөж далайн ёроолд живсэн агуу хөлөг онгоцыг алдарт найруулагч Жэймс Камерон дэлгэцийн бүтээлд мөнхөлснөөр дэлхий даяар нэр алдар нь илүү түгсэн билээ.
Тэгвэл “Титаник 2” онгоц бүхэлдээ эх хувилбарыг дуурайсан байх гэнэ. Есөн давхар хөлөг онгоцны ерөнхий бүтэц живсэн хөлөгтэй яг адилхан байх ба 2,400 зорчигч, хөлгийн багийн 900 гишүүний хамт аялалд гарна гэжээ. Нийт 835 өрөө тасалгаатай, 100 гаруй жилийн өмнөхтэй адил 1, 2, 3 дугаар зэрэглэлийн тасалбарыг зорчигчдодоо санал болгох юм.
Төлөвлөгөө ёсоор Титаник хөлгийн 110 орчим жилийн өмнө хийх гэж байсан аяллын дагуу буюу Их Британийн Саутхэмптоноос АНУ-ын Нью-Йорк чиглэлд аялна. Мөн Сингапур-Дубай, Дубай-Саутхэмптоны чиглэлд хоёр долоо хоногийн аялал хийхээр төлөвлөжээ. Дараа нь АНУ-Их Британи чиглэлд долоо хоног бүр тогтмол аялал хийхээр тооцсон байна.
Төслийг санаачлагч Клив Палмер “Хөлөг онгоцны анх төлөвлөж байсан чиглэлд аялал хийснээр дэлхийн нийтийн анхаарлын төвд байж, сэтгэлийг нь татах болно. Blue Star Line хэлбэр загварын хувьд анхны Титаник хөлгийг дуурайх ч аюулгүй байдлыг чандлан, хөлгийн жолоодлого тав тухыг 21 дүгээр зууны шилдэг технологиор шийдсэн” гэжээ.
Агуу Титаник мөсөн уултай мөргөлдөхөд аврах завь хүрэлцээгүйн улмаас 1,500 хүн амиа алдсан байдаг. Харин “Титаник 2” аюулгүй байдлаа хамгаалж бүх зорчигчдод хүрэлцэхүйц аврах завь байршуулна гэлээ.
Хятад 2015 онд Титаникийг дуурайлган тэрбум юань буюу 145 сая ам.доллараар хөлөг онгоц угсарсан ч аялалд гаралгүй Чижан мөрний эрэгт уяатай үлджээ.
Энэ хооронд Австралид төвтэй “Bluefish” компани Атлантын далайд мөнх нойрссон Титаник хөлөгтэй танилцах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна. Аялагчид 8-9 хүний багтаамжтай шумбагч хөлгөөр живсэн Титаникийг өөрийн нүдээр харах гэнэ. Ирэх оны сүүлээр эхний аяллыг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: edition.cnn.com, www.cbsnews.com